Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина
Нийслэлийн Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт, цэвэрлэгээний ажлын явц, усан сан барих, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил 78.2 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөний үеэр “Сэлбэ сэргэлт” төслийн явцыг танилцуулахдаа ийнхүү мэдээлсэн юм.

Дээрх төслийн усны барилга байгууламжийн ТЭЗҮ, геодези, байр зүйн зураглал, инженер геологийн судалгаа, байгаль орчны төлөв байдал, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, авто зам, гүүрний нарийвчилсан зураг төслийн ажил, гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний зам, талбайн инженер геологийн судалгааг боловсруулж дуусжээ.
Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг нөхөн сэргээхийн тулд голын дунд хэсэгт буюу үерийн ус ихтэй Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим хэсэгт оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барих юм. Мандлын талбай 21.7 га, гүн 2.5-4 метр байх бөгөөд барилга угсралтыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.