Life

Гар утсаа гүйлгэх зуршил сэтгэл зүйг гэмтээдэг

Эцэс төгсгөлгүй хэрэгтэй, хэрэггүй янз бүрийн мэдээгээр дүүрэн мэдээллийн эрэнд “doomscrolling” буюу утсаа зогсолтгүй гүйлгэж сөрөг мэдээллүүд хүлээж авах асуудал хүмүүсийн дунд түгээмэл тохиолдох болжээ. Товчхондоо, цахим орчинд мэдээ мэдээллийг ямар ч шүүлтүүргүй хүлээж авч, утасныхаа дэлгэцээс нүд салгахгүй оролдох нэгэн төрлийн донтолт юм.

Стресс, ажлын ачаалал нь утсаа оролдох хүслийг өдөөдөг. Гэсэн ч бидний стрессээ тайлах гэж утсаа оролдсон 5 минут хүлээж авч буй мэдээллийн чанараас шалтгаалан улам илүү бухимдал, стресс төрүүлэх ч магадлалтай.

Сөрөг мэдээллүүдийг байнга хүлээж авснаар тархинд сөрөг бодол, мэдрэмж үүсч, сэтгэлийн түгшүүр, нойргүйдэл, хямрал зэрэг асуудлуудтай тулгарах эрсдэлтэй. Хэдий чинээ их цагийг утсаа гүйлгэхэд зарцуулна, төдий чинээ их асуудлууд бидний сэтгэл зүйд үүснэ. Утас оролдох цагаа багасгах, түр завсарлах нь ийм эрсдлээс өөрийгөө хамгаалахын зөвхөн нэг хэсэг юм.

Аливаа гэмт хэрэг, тухайлбал аллага, хүчирхийллийн мэдээ хүлээн авч буй эмэгтэйчүүдийн сэтгэл зүй эрэгтэй хүмүүсийнхээс илүү цочролд ордог байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний тархины лимбийн тогтолцооны ялгаатай холбоотой байдаг. Ийм төрлийн сөрөг мэдээ хүлээж авсан эмэгтэйчүүдийн тархинд өөрийгөө хамгаалах совин төрж, ямар нэг аюул тохиолдох вий гэж ургуулан бодож эхлэхэд хүргэдэг байна.

“Унтахдаа утсаа өөрөөсөө хол тавь, муу долгион нь тархинд чинь муу” гэж аав ээжүүдийн анхааруулдаг нь ч үнэний ортой байж мэдэх юм. Утаснаас ялгарах долгионоос илүү, утсаа оролдоод цахим орчноос хүлээж авч буй шүүлтүүргүй мэдээллүүд харин тархинд бүр ч муугаар нөлөөлдөг байх нь. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button