Шинээр олдсон мөөгөнцөр агуйд амьдардаг аалзнуудыг "зомби" болгожээ
Европын эрдэмтэд агуйн аалзыг “зомби” болгон хувиргадаг урьд өмнө олдож байгаагүй мөөгөнцөр илрүүлжээ. Мөөгөнцөр тэднийг үхэлд хүргэхээс гадна үхсэний дараа аалзны цогцсыг ашиглан спор буюу үржлийн эсийг нь ашиглан агаарт тараадаг байна.
Шинээр олдсон Gibellula attenboroughii хэмээх төрөл зүйл нь зомби шоргоолжны мөөгөнцөртэй төстэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мөөгөнцөр тархахад илүү тохиромжтой газар руу нүүж олзоо удирддаг гэж Fungal Systematics and Evolution сэтгүүлд 1-р сарын 24-нд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
Гэхдээ мөөгөнцөр аалзны тархинд хэрхэн нөлөөлдөг нь нууц хэвээр байгаа бөгөөд мөөгөнцрийн хувьслын зам, экологид үзүүлэх нөлөөллийн талаар олон асуулт байсаар байна.
Судалгааны ахлах профессор Др.Жоао Араужо “Бид шоргоолж, соно болон бусад цөөн хэдэн “зомби” мөөгөнцрийн жишээг маш сайн мэднэ. Харин аалзны мөөгөнцөр нь өөр түвшинд буюу шууд утгаараа шинэ гарал үүслийг бий болгож байна. Энэ бол шимэгчдийн ертөнцөд тийм ч түгээмэл байдаггүй үнэхээр сонирхолтой зүйл юм” гэжээ.

Энэхүү олдвор нь амьтдыг хянадаг мөөгөнцрийг илүү сайн ойлгох судалгааны шинэ боломжийг нээн өгч хараахан илрүүлээгүй байгаа мөөгөнцрийн олон төрлийг илрүүлэхэд түлхэц болж байна гэж судлаачид хэлэв.
Өвөрмөц мөөгөнцрийг анх 2021 онд Хойд Ирландын Каунти Даун дахь Castle Espie намгархаг газрын төвд орхигдсон агуйгаас идэвхгүй хэлбэрийг илрүүлжээ.
Судалгааны багийнхан аалз үхэхээсээ өмнө торноосоо хол, ил байрлалд байрлаж байгааг анзаарсан нь мөөгөнцөр нь зан авирын өөрчлөлтийг үүсгэсэн гэж таамаглаж байна.
Цаашдын ажиглалтаар Хойд Ирланд, Ирландын аль алинд нь агуйд илүү халдвар авсан аалз илэрсэн бөгөөд бүгд агуйн хананы ил хэсэгт байрласан байна.