Дөрвөн үндэстний тэмцээнд канадчууд аваргаллаа
Канадын хоккейчид финалын тоглолтын нэмэлт цагт АНУ-ын шигшээ багийг 3:2 (1:1, 1:1, 0:0, 1:0) харьцаагаар хожсоноор Дөрвөн үндэстний тэмцээний аваргаар шалгарлаа.
Баасан гарагт шилжих шөнө Бостон хотноо болсон уг тоглолтын үндсэн цагт Канадын Натан Маккиннон (5 дахь минут), Сэм Беннетт (35) нар гоол оруулсан бол нэмэлт цагт Коннор Макдэвид (69) хожлын шайбыг оруулсан байна. Америкчуудаас Брэди Ткачук (17), Жейк Сандерсон (28) нар хариу гоол хийжээ.
Тоглолт эхлэхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп утсаар ярьж, Америкийн хоккейчдод амжилт хүссэнийхээ дараа Truth Social нийгмийн сүлжээнд бичихдээ, удахгүй АНУ-ын 51 дэх муж улс болж магадгүй байгаа Канадыг ялахыг хүсэн хүлээж байна гэжээ.
Д.Трамп Канад, Мексик, Хятадын бараанд татвар ногдуулах тухай зарлиг гаргаснаас хэд хоногийн дараа Монреальд болсон Дөрвөн үндэстний тэмцээний хэсгийн тоглолтын эхэнд АНУ-ын төрийн дуулал эгшиглэж байх үед Канадын хөгжөөн дэмжигчид шүгэлдэн хашгиралдаж байжээ. Харин Бостонд болсон тоглолтын эхэнд Америкийн хөгжөөн дэмжигчид мөн ижил үйлдэл гаргасан байна.

Хэсгийн шатанд АНУ-ын шигшээ баг Канадыг 3:1-ээр хожсон юм.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ тоглогчид оролцсон Дөрвөн үндэстний тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор “Колорадо Эвеланш” баг ба Канадын шигшээгийн довтлогч Натан Маккинон шалгарсан байна. Тэрбээр дөрвөн тоглолтод 4 оноо авснаар /4 гоол+0 оновчтой дамжуулалт/ тэмцээний шилдэг мэргэн буучаар шалгарснаас гадна финалын тоглолтын эхний гоолыг оруулжээ.
Финалын шилдэг тоглогчоор “Эдмонтон Ойлерз” багийн довтлогч Коннор Макдэвид шалгарсан бөгөөд тэрбээр нэмэлт цагт шийдвэрлэх гоолыг оруулсан юм.
Дөрвөн үндэстний тэмцээн Канадын Монреаль, АНУ-ын Бостон хотуудад 13-21-ний өдрүүдэд болж, АНУ, Канад, Швед, Финландын багууд оролцлоо.