Хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан хүмүүсийн дийлэнх хувь нь 25-29 насныхан
2024 оны 4 дүгээр улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр Бүгд Найрамдах Солонгос улс руу 128, Япон улс руу 39, нийт 167 хүн зуучлагдсан нь өмнөх улирлаас 31 (22.8%) хүнээр өссөн байна. Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 98 (58.7%) нь эрэгтэй, 69 (41.3%) нь эмэгтэй байна. Эдгээр иргэдийн хамгийн их буюу 29.9 хувь нь 25-29 насныхан, хамгийн бага буюу 0.6 хувь нь 50-54 насныхан байна.

Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан 167 иргэний 102 (61.1%) нь бүрэн дунд, 51 (30.6%) нь бакалавр, 10 (6.0%) нь тусгай мэргэжлийн дунд, 1 (0.6%) нь магистр, доктор, 1 (0.6%) нь бага боловсролтой, 2 (1.2%) нь боловсролгүй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан иргэдийн 118 (70.7%) нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 21 (12.6%) нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 16 (9.6%) нь зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт, 6 (3.6%) нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт, 3 (1.8%) нь барилгын салбарт, 3 (1.8%) нь усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт зуучлагджээ