Life

Филиппинд шумуул барьсан хүмүүст мөнгөн урамшуулал олгоно

Филиппиний хамгийн шигүү суурьшилтай хотуудын нэгд шумуулаар дамждаг денге чичрэг өвчин тархсантай холбоотойгоор шумуул барьсан хүмүүст мөнгөн урамшуулал олгохоор болжээ.

Манила хотын төв хэсэгт орших Аддишн Хиллс дүүргийн захирагч таван шумуул тутамд нэг песо буюу 60 төгрөг олгохоор болсон аж. Энэ санаачилга цахим сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа ч эрх баригчдын зүгээс олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй алхам гэж үзэж байгаа гэв.

Шумуулаас үүдэлтэй денге өвчний тохиолдол сүүлийн үед Филиппинд огцом нэмэгдэж байгаа бөгөөд дээрх урамшуулал дор хаяж нэг сарын хугацаанд хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд денге өвчний улмаас хоёр сурагч эндсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авах шаардлагатай болсон хэмээн дүүргийн захирагч тайлбарлав.

Шумуул амьд эсвэл үхсэн байх нь хамаагүй бөгөөд түүний авгалдайг ч барьсан бай, мөнгөн урамшуулал авах аж. Харин амьд шумуулыг хэт ягаан туяаны гэрлээр устгах арга хэмжээ авах юм байна.

Одоогийн байдлаар тус дүүрэгт 21 хүн 700 гаруй шумуул барьж, урамшууллаа авах хүсэлт гаргаад байгаа аж. Денге өвчин халуун бүс нутгийн орнуудад түгээмэл тохиолддог бөгөөд ариун цэвэр хангалтгүй хотын бүсүүдэд вирус тээгч шумуул олширсноор халдварын дэгдэлт нэмэгдэх нь түгээмэл байдаг.

Холбоотой мэдээнүүд

Back to top button