Жоомноос гарган авсан сүү үхрийн сүүнээс 3 дахин тэжээллэг
Жоомноос гарган авсан сүү үхрийн сүүнээс илүү тэжээллэг гэвэл та итгэх үү?

Судлаачид “Pacific beetle cockroach” буюу далайн цох жоом хэмээх төрөл зүйлийн эмэгчин нь үр төлөө хооллохын тулд сүүн төстэй бодис ялгаруулдаг болохыг тогтоожээ. Энэ бодис нь маш өндөр тэжээллэг чанартай бөгөөд судалгаагаар дэлхий дээрх хамгийн шим тэжээл ихтэй шингэнүүдийн нэг гэж дүгнэсэн байна.
Энэхүү сүүн төст бодис нь уургийн өндөр агууламжтайгаас гадна амин хүчил, эрүүл сахар зэрэг чухал элементүүдийг агуулдаг. Эсийн нөхөн төлжилт, өсөлт хөгжилд чухал нөлөөтэй эдгээр тэжээл нь жоомноос гарган авсан сүүг бусад сүүн бүтээгдэхүүнээс онцгой болгодог байна.
Одос үхэрний сүүг хамгийн өндөр илчлэгтэй сүү гэж үздэг ч энэхүү шинэ судалгаагаар жоомноос гарган авсан сүү нь одос үхэрний сүүнээс гурав дахин их калори агуулдаг болохыг тогтоожээ.
Энэхүү шингэний тэжээллэг чанар өндөр боловч одоогоор хүмүүсийн хэрэглээнд хараахан нэвтрээгүй байна. Үүний гол шалтгаан нь үйлдвэрлэлийн хүндрэл юм. Үхэр, ямаа шиг саах боломжгүй тул жоомнуудын ялгаруулдаг маш бага хэмжээний шингэнийг их хэмжээгээр гарган авах боломжгүй аж.
Зарим судлаачид генийн инженерчлэл ашиглан жоомноос гарган авсан сүүний уургийг исгэгч дээр ургуулж, арилжааны зорилгоор үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ сүү нь хүний эрүүл мэндэд аюулгүй эсэх нь одоогоор бүрэн батлагдаагүй юм.
Сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах хандлага нэмэгдэж буй энэ үед байгальд ээлтэй, тэжээллэг хоол хүнс хайх эрэлт өссөөр байна. Гэсэн ч жоомноос гарган авсан сүү арилжааны хувьд ашигтай эсэх нь тодорхойгүй хэвээр.
Хэдийгээр жоомноос гарган авсан сүү бидний өдөр тутмын хэрэглээнд ороход цаг хугацаа хэрэгтэй ч тэжээллэг чанарын хувьд маш өндөр учраас судлаачид цаашид анхаарал хандуулсаар байна. Энэ үнэхээр ирээдүйн хүнс болох уу? гэдэг асуулт одоогоор нээлттэй хэвээр байна.