Австралийн далайн эрэг дээр 157 халим шидэгджээ

Австралийн алслагдсан далайн эрэг дээр 60 гаруй халим үхсэн байхыг эрх баригчид мэдэгдэж, бусад халимуудыг аврахыг хичээж байна.
Тасманийн Байгалийн нөөц ба хүрээлэн буй орчны газрын мэдээлснээр, арлын баруун хойд хэсэгт орших Артур голын ойролцоо нийт 157 халим эрэг дээр шидэгдэж гарч иржээ. Эдгээр амьтдын 90 орчим нь амьд байгаа бөгөөд дунд нь нас биед хүрээгүй тугал ч бий. Одоогийн байдлаар, амьд байгаа халимуудыг далайд нь буцаан оруулах боломжтой эсэхийг газар дээр нь байгаль хамгаалах алба болон малын эмч нарын хамтарсан баг үнэлж байна.
Тасманийн эрэг дээр сүүлийн жилүүдэд халим гарч ирж, боогдох тохиолдол цөөнгүй гарах болсон. Гэхдээ сүүлийн 50 жилийн хугацаанд хуурамч алуурчин халим эрэг дээр үй олноороо гарч ирсэн тохиолдол байгаагүй аж. Хуурамч алуурчин халим нь ерөнхийдөө бие том далайн гахайн нэг бөгөөд 6 метр урт, жин нь 1.5 тонн болтлоо өсдөг байна.Эрх баригчдын мэдэгдсэнээр, эрэг дээр гацсан сүрэг халим Лонсестон хотоос 300 км зайд 24-48 цагийн турш гацсан бөгөөд амьд байх халим бүрийг аврахын тулд хичээж ажиллаж байна.
Тасманийн Байгалийн нөөц ба хүрээлэн буй орчны газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, халимын сүргийг эргүүлэн далайд нь тавихын тулд түлхэх ямар ч боломжгүй байгааг онцлов. Мөн цаг агаарын нөхцөл байдал, далайн түрлэг, алслагдсан бүс зэргээс шалтгаалан тоног төхөөрөмж нийлүүлэхэд хүндрэл тулгарч байна. Саяхан тус эрэг дээр халим гарч ирж, гацсан тохиолдол гарсан ч амжилттайгаар далайд нь эргүүлэн тавьсан байна.Гэсэн хэдий ч тухайн үед ашиглаж байсан арга, техникийг энэ удаад ашиглахад бэрхшээлтэй байгаа гэдгийг хэвлэлийн төлөөлөгч мөн тайлбарлажээ.
Түүнчлэн, алслагдсан эргийн ойролцоо ой хээрийн түймэр гарч байгаа тул оршин суугчдыг эрэг, ой модтой бүсээс хол байхыг уриалаад байна. Лхагва гаригийн өглөө /2025.02.19/ орон нутгийн оршин суугч Жоселин Флинт гэр бүлийнхээ хамт акул загасны анд гарч байхдаа халимын сүрэг эрэг дээр гацсаныг илрүүлж Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацад мэдэгджээ.Жоселин Флинт энэ талаар хэлэхдээ “Тэнд бяцхан тугалууд ч байсан. Халимуудын нүд нь яг л туслаач гэж гуйж байгаа мэт над руу ширтсэн. Үнэхээр аймшигтай байна. Тэд зовж байна” гэж хэлсэн байна.
Халим бол сүргээрээ амьдардаг хөхтөн амьтан. Далайн эрэг дээр яагаад гарч ирдгийг одоо хүртэл тайлбарласан албан ёсны хариулт байдаггүй ч зарим шинжээчид халимын сүрэг ан хийж байхдаа замаа алдсанаас болдог гэж үздэг байна. Мөн сүргийн нэг замаа андуурч, бусдыгаа эрэг рүү хөтөлдөг гэх онол байдаг аж.