Зүрхэнд тустай будаа гарган авчээ

Зүрхэнд шим тэжээл өгдөг Коэнзим Q10-ыг /CoQ10/ ялгаруулдаг цагаан будааны шинэ сортыг Хятадын эрдэмтэд гарган авчээ. “CoQ10” бол хүний биемахбодид ялгарч байдаг, эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай үл исэлдүүлэгч бодис бөгөөд нас ахих тусам ялгарах хэмжээ нь багасдаг тул нэмэлт байдлаар хэрэглэх нь зүрхний эрүүл мэндэд тустай.
Цагаан будаа болон зарим төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнээс авч буй аминдэмүүд, эрдэс бодисууд нь биед “CoQ9”-ийн нийлэгжилтийг бий болгодог.
Судлаачид 1000 гаруй төрлийн ургамлын “Coq1” ферментийн өөрчлөгдөх чанарт шинжилгээ хийжээ. Мөн будаан дахь “Coq1” ферментийн таван гол аминхүчлийг өөрчлөхийн тулд генийн засварын аргыг хэрэглэснээр “CoQ10” -ыг нийлэгжүүлдэг будааны шинэ сортыг гарган авчээ.
Шинэ сортын будааг өдөр бүр хэрэглэснээр өдөрт 1-2 мг “CoQ10” авах боломжтой ажээ. Махнаас авах “CoQ10”-ын дундаж хэмжээ өдөрт 2-3 мг орчим байдаг гэж үзвэл шинэ сортын будааны “CoQ10”-ын агууламж нь маханд агуулагдах хэмжээтэй ойролцоо байгаа тул шинэ төрлийн будаа нь зүрхэнд үр дүнтэй нэмэлт тэжээл болж чадна хэмээн Хятадын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Шанхайн Чэншань ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судлаач Шү Жинжин мэдэгджээ.