BBC-ийн судалгаагаар AI чатботууд зохиомол, ташаа баримт мэдээлэл түгээжээ
AI чатботууд мэдээ мэдээллийг буруу хураангуйлж, ташаа мэдээлэл түгээж байгаа нь BBC-ийн судалгаагаар тогтоогджээ. OpenAI-ийн ChatGPT, Google Gemini, Microsoft Copilot, Perplexity зэрэг AI загварууд мэдээг зөв хураангуйлах чадвартай эсэхийг судлахад, талаас илүү хувьд нь алдаа гаргаж, ташаа мэдээлэл түгээсэн байна.
Судалгааны хүрээнд BBC эдгээр AI загваруудад тус агентлагийн 100 мэдээний нийтлэлийг хураангуйлах даалгавар өгсөн бөгөөд сэтгүүлчид хариултыг нь хянан шалгажээ. Харин судалгааны үр дүнд 51 хувьд ноцтой асуудал буюу ташаа мэдээллийг агуулж байсан бол BBC-ээс эш татсан хариултын 19 хувь нь буруу мэдэгдэл, тоо баримт, огноо агуулж байжээ. Мөн хураангуй хариултуудын 13 хувьд нь зохиомол үүсмэл баримт агуулагдаж байсан байна.
Судалгаагаар зарим жишээг онцолсон бөгөөд үүнд, Gemini Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Алба “хүмүүст цахилгаан тамхи хэрэглэхээс татгалзахыг зөвлөж, тамхинаас гарах өөр аргуудыг ашиглахыг санал болгодог” гэж буруу мэдээлжээ. Харин эх сурвалжийг харвал тус эрүүл мэндийн байгууллага нь тамхинаас гарах үр дүнтэй арга бол цахилгаан тамхи хэмээн зөвлөсөн аж.
![](http://www.highlight.mn/wp-content/uploads/2025/02/ai-chatbots-unable-to-accurately-summarise-news-bbc-finds-v0-p0NOKf6iYlxeIdxVAd8rMhLbtdla13YHc6PZ1ASd0_M.jpg-1024x576.webp)