iPhone гар утаснуудад Starlink интернэт нэвтэрлээ
Apple компани АНУ-ын үүрэн холбооны оператор T-Mobile болон SpaceX-тай хамтран Starlink-ийн төхөөрөмжид шууд холбогдох үйлчилгээг хөгжүүлэхээр боллоо.

Нэгдүгээр сард тус компанийн нэвтрүүлсэн iOS 18.3 үйлдлийн систем нь Starlink үйлчилгээг дэмжих бөгөөд T-Mobile хязгаарлагдмал тооны iPhone төхөөрөмж дээр туршилтын горим идэвхжүүлсэн байна. Туршилтын цах хүрээ тэлж, Android 15 үйлдлийн системтэй сонгогдсон хэрэглэгчдэд Starlink үйлчилгээг нэвтрүүлжээ.
Түүнчлэн Starlink технологи нь зураг, хөгжим, подкаст дамжуулах боломжтой бөгөөд ирээдүйд видео стриминг дэмжих шинэчлэлт хийхээр төлөвлөж байна хэмээн SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдлээ.
T-Mobile-ийн бета туршилтад орсон iPhone-ууд үүрэн сүлжээ тасарсан тохиолдолд автоматаар SpaceX-ийн Starlink хиймэл дагуултай холбогдох юм. Мөн хэрэглэгчид Apple-ийн одоо байгаа Globalstar системээр дамжуулан мессеж илгээх эсвэл яаралтай тусламж дуудах тохиргоог өөрсдөө идэвхжүүлэх боломжтой.
Starlink-ийн үйлчилгээ одоогоор зөвхөн АНУ-д идэвхтэй байгаа бол Apple-ийн Globalstar нь Их Британи, Ирланд, Канад зэрэг улсад ажилладаг байна. SpaceX хиймэл дагуулын холболтоо дэлхийн бусад үүрэн холбооны операторуудтай хамтран, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж.