АНУ-ын хууль тогтоогчид DeepSeek-ийг хориглохыг шаардлаа
Иллинойс мужийн Бүгд Найрамдах намын төлөөлөгч Дарин ЛаХуд болон Нью Жерси мужийн Ардчилсан намын төлөөлөгч Жош Готхаймер нар үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд төрийн байгууллагуудад DeepSeek хиймэл оюун ухаан ашиглахыг хориглох хуулийн төслийг танилцуулах гэж байна.
Хэрэв хуулийн төслийг баталвал, төрийн байгууллагуудад DeepSeek болон түүний эзэмшигч High Flyerкомпанийн боловсруулсан бусад программ хангамжийг албан ёсны төхөөрөмжөөс устгах стандарт, удирдамжийг боловсруулахад 60 хоногийн хугацаа өгөх юм. Энэ санал нь Австрали, Итали, Тайванийн ижил төстэй алхмуудын дараа гарсан юм.
DeepSeek компанийн зүгээс энэхүү асуудалд тайлбар өгөөгүй байна.
Санал болгож буй хуулийн төсөл нь Хятадад төвтэй ByteDance компанийн TikTok аппликейшнтэй холбоотой болгоомжлолуудыг үндэслэн гарчээ. TikTok-ын хэрэглэгчдийн нууц мэдээллийг Хятадын засгийн газарт дамжуулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор АНУ-д хязгаарлалтуудыг тавьж байна. Энэ төслийг баталснаар TikTok-ийн хандалтыг хязгаарлах болон ByteDance компаниас АНУ-ын хэрэглэгчдийн өгөгдлийг хамгаалах зорилготой хууль тогтоомжтой нийцэж байна.
Готхаймер хэлэхдээ: “Хятадын Коммунист нам манай үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, олон нийтэд ташаа мэдээлэл тараах, америкчуудын тухай мэдээлэл цуглуулах зорилгоор бүх хэрэгслүүдийг ашиглах болно. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй.” гэж онцолжээ.
2022 оноос эхлэн холбооны болон мужийн засгийн газар байгууллагуудад TikTok-ийг албан ёсны төхөөрөмж дээр ашиглахыг хориглосон. Өнгөрсөн жил, хоёр намын дэмжлэгтэйгээр баталсан хууль нь ByteDance компанид TikTok-ийг АНУ-д зарахыг шаардсан бөгөөд энэ нь компаниас TikTok-ийг АНУ-д хориглохоос өмнө зарах боломж олгохыг зорьсон.
![](http://www.highlight.mn/wp-content/uploads/2025/02/deepseek-ban-in-us-texas-first-to-take-action.jpg-1-1024x768.webp)
Хэдийгээр олон хиймэл оюун ухааны компаниуд хэрэглэгчдийн чатботуудтай хийсэн яриаг ашиглан загвараа сайжруулж байдаг ч, DeepSeek нь Хятадын эзэмшигчтэй холбоотойгоор нэмэлт эрсдэл үүсгэж болзошгүйг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
NordVPN-ийн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Адрианус Варменховен цахим шуудангаар дамжуулан, “Хятадын кибер аюулгүй байдлын хууль тогтоомжийн дагуу платформтой хуваалцсан аливаа өгөгдөл нь засгийн газрын хандалтад хамрагдаж болох эрсдэлтэй гэдгийг хэрэглэгчид анхаарах хэрэгтэй.” гэж мэдэгдсэн байна.