DeepSeek үнэхээр аюултай юу?
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/deepseek.jpg)
БНСУ-ын Засгийн газар үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс Хятадын хиймэл оюуны хэрэгсэл болох DeepSeek-ийг хориглож, түр хугацаанд хаалаа. Дэлхий дахинаа тус хэрэгслийн дэвшилтэт байдлыг биширч, ChatGPT-ийн ноёрхлыг орлолоо хэмээн тодорхойлоод буй. Харин DeepSeek хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангалттай хэмжээнд хамгаалж чаддаг эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
БНСУ-аас авч буй хориг арга хэмжээг хамгийн түрүүнд тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам санаачилсан бөгөөд үүний араас Гадаад хэргийн яам, Үндэсний Батлан хамгаалах яам ч мөн уг хоригийг батлаад байна.
DeepSeek нь сургалтын зорилгоор хэрэглэгчийн хэт их мэдээллийг цуглуулж, аюулгүй байдлыг алдагдуулж, мэдээлэл алдагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэх үндэслэлээр тус улсад хориглогдлоо.
Тус улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дотоод сүлжээндээ мөн DeepSeek-ийг хязгаарлаад байгаа аж. Түүнчлэн Kakao, LG Uplus, Line Yahoo зэрэг тус улсын технологийн аварга компаниуд DeepSeek-ийг бизнесийн зорилгоор ашиглахыг хориглох зааварчилгааг өөрсдийн салбар байгууллагуудад өгчээ.