Ниссан Хондатай нэгдэх хэлэлцээрээ зогсоолоо
“Хонда Moтoрс” компанитай нэгдэх асуудлаар хийж буй яриа хэлэлцээгээ “Ниссан Moторс” компани зогсоох шийдвэр гаргасан тухай “Никкей” сонинд энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
“Хэлэлцээг холдинг компанийн загвараар хийж байсан боловч талууд нэгтгэх хувь хэмжээ гэх зэрэг нөхцлүүд дээр тохиролцож чадсангүй. “Хонда”-гийн талаас “Ниссан” компанийг охин компани болгохыг санал болгосон боловч “Ниссан” доторх хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул хэлэлцээг зогсоохоор шийджээ. Цаашид хэлэлцээг үргэлжлүүлэх үү, эсвэл зөвхөн цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх үү гэдгийг удахгүй шийднэ” гэж тус сонинд бичсэн байна.
“Хонда”, “Ниссан” компаниудыг нэгтгэх тухай хэлэлцээ албан ёсоор эхэлснийг хоёр компанийн захирлууд өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэн юм. Тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаас илүү хувийг эзлэх, компанийн тэргүүнийг томилох эрхийг “Хонда” концерн авна гэж таамаглаж байв.
Хэрэв хоёр компани нэгдсэн бол шинэ байгуулагдах компани 7.35 сая автомашин үйлдвэрлэж, “Тоёота”, “Фольксваген” компаниудын дараа дэлхийд гуравт орох үйлдвэрлэгч болох байв.