Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ”-ний талаар танилцууллаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг хүн эндсэн байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн аж. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж эрүүлжүүлсэн байна. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүй болохыг тогтоожээ.
Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй, 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалтыг эхлүүлжээ. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулдаг ба хамралтын хувь 90-96 хувьтай байна.
Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна. Иймд менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна гэж салбарын сайд танилцуулав.