Хиймэл оюун ухаанд сайхан хандвал илүү үр дүнтэй ажилладаг
2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд “OpenAI” компани ChatGPT нэртэй асуултад хүн шиг хариулж чаддаг хиймэл оюун ухаан бүхий чатбот танилцуулсан. Үүний дараа Claude, Gemini гэх мэт хиймэл оюун ухаантай чатботууд хэрэглээнд гарсан юм.
Тэгвэл сүүлийн үед зарим хэрэглэгч нар ChatGPT чатботыг шагнана гэх мэт байдлаар асуулт асуувал илүү сайн ажиллаж байна гэж мэдэгдэх болсон юм. Хэрэглэгчдээс гадна судлаачид хүртэл үүнтэй ижил бодолтой байгаа бололтой.
“Arxiv” сайт дээр хоёрдугаар сард нийтлэгдсэн судалгаагаар бол ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаан дээр суурилсан чатботуудад асуулт тавихдаа “энэ их чухал”, “яаралтай” гэх мэт хэллэг ашиглавал илүү үр дүнтэй ажилладаг гэдгийг илрүүлжээ.
Мөн тус сайтад хоёрдугаар сард нийтлэгдсэн өөр нэг судалгаа ChatGPT гэх мэт чатботоос сайхан аястай асуулт асуувал илүү үр дүнтэй ажилладаг болохыг тогтоосон байна.
Судлаачид арав гаруй чатботод олон удаа даалгавар өгч туршжээ. Тэд Англи, Хятад, Япон хэл дээр чатботуудаас асуулт асуусан аж. Үүний үр дүнд хүнээс сайхан өнгө аястай асуулт асуухад харилцан яриа үр дүнтэй өрнөдөг шиг хиймэл оюун ухаан бүхий чатботууд илүү дээр хариулт өгчээ.
Тус судалгааг бичсэн эрдэмтэд “Эелдэг бус асуултууд нь мэдээллийн орхигдуулсан эсвэл алдаатай хариу өгөх замаар гүйцэтгэлийг нь доошлуулж магадгүй” гэж дүгнэсэн байна.