Бизнес

"Улаанбаатар Трамвайн" төслийн ажил энэ зун эхэлнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр болсон. 

Уг төслийн нэгдүгээр шугамын тендерийг хавар зарлаж, зун барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нэгдүгээр шугамыг нь нийслэлийн хөрөнгөөр барина. Уг төслийн нэгдүгээр шугамын эхлэл цэг дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар очиж ажиллажээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар, “Нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлднийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хийх трамвай төслийн эхний шугам “Степп Арена”-гаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Эхний шугамын олон улсын нээлттэй тендерийг ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа яаравчлан зарлана. Хоёрдугаар шугамын хөрөнгө оруулалтыг нэн хөнгөлөлттэй зээлээр явуулахаар төлөвлөсөн. Хоёрдугаар шугамын ТЭЗҮ боловсруулах ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж байгаа бол газар чөлөөлөлтийг хавар эхлүүлнэ. Трамвайн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэл мөн чухал байна” хэмээн онцоллоо.

Трамвай нь авто замтай давхцахгүй. Зөвхөн гэрлэн дохиотой уулзвар дээр авто замын сүлжээтэй огтлолцох юм байна. Нийслэлээс Архивын ерөнхий газраас урагш 90 га талбайг трамвайн депогийн зориулалтаар бэлтгэжээ. Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, хоёр дахин бага цаг хугацааг зарцуулж, харьцангуй богино хугацаанд баригддаг. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой аж. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минут зарцуулна гэж тооцоолсон байна.  Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button