Хоёрдугаар сарын 1-нээс 1000 төгрөгөөр зорчино
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм.
Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллана. Харин банкны картаар дамжин суухад үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа заавал уншуулсан байх ёстой аж.
Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж байгаа 100 киоск машинаар борлуулахаар болжээ.
Автобусны үнэ тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өнөөдрийг хүртэл өөрчлөлт оруулаагүй байсан. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм байна.