World Monuments Watch 2025 хөтөлбөрт “Эрдэнэ Зуу“ хийд шалгарлаа
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь 2019 оноос Дэлхийн Хөшөө Дурсгалын Сан (WMF)-тай хамтран ажиллаж, 2020 оны World Monuments Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг амжилттай нэр дэвшүүлэн, тус музейг олон улсын анхаарлын төвд авчран, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг 3 жилийн турш хэрэгжүүлсэн билээ.
Энэ удаад 2025 оны World Monuments Watch хөтөлбөрт Монголын Буддын шашны цөөхөн дурсгалт газруудын нэг “Эрдэнэ Зуу” хийдийг уур амьсгалын нөлөөллөөс хадгалан хамгаалах, ирээдүйн өвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор нэр дэвшүүлсэн нь олон улсын үнэлгээ, хяналт, өвийн шинжээчдийн хараат бус шалгаруулалтаар томоохон сорилтуудтай тулгарч буй 200 гаруй нэр дэвшигчдээс анхаарах ёстой 25 түүхэн, дурсгалт газруудын нэгээр шалгарсныг албан ёсоор зарлаж байна.
Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF) нь 1996 оноос эхлэн, хүн төрөлхтний түүхийг илэрхийлэх, үнэт дурсгал, дурсгалт газруудыг хамгаалах зорилготойгоор 2 жил тутамд зарладаг World Monuments Watch хөтөлбөрийг олон улсын мэргэжилтнүүдийн хамтаар хэрэгжүүлдэг билээ.
Дэлхийн 112 оронд 700 гаруй төсөл хэрэгжүүлсэн, өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF) нь өнөөдрийг хүртэл 350 орчим Watch хөтөлбөрт шалгарсан төслүүдэд 120 сая гаруй долларыг хандивлаж, бусад эх үүсвэрээс нэмэлт 300 сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Дэлхийн Хөшөө Дурсгалын Сан (WMF) нь Watch хөтөлбөрт шалгарсан эдгээр 25 газрыг дэлхий даяар танилцуулж, тэдний хадгалалтад орон нутгийн болон олон улсын дэмжлэгийг татан оролцуулахыг зорьж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд WMF-ийн олон улсын баг 2025 оны шалгарсан газруудтай хамтран ажиллаж, тухайн орон нутгийн хэрэгцээг үнэлж, дэмжлэг, хадгалалт, хамгаалалт, санхүүжилтийн стратегийг хамтран боловсруулна. Санхүүжилт босгохын хэрээр WMF нь орон нутгийн түншүүддээ зорилтот урамшууллын кампанит ажил, төлөвлөлт, судалгаа, боловсрол, биет хамгаалалтын төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх болно.