Бизнес

Албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх үндэслэлээр БНХАУ-ын 37 компанид хориг тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронд албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх үндэслэлээр БНХАУ-ын уул уурхай, нарны эрчим хүч, хувцас үйлдвэрлэлийн салбарын 37 компанийг АНУ руу бүтээгдэхүүнээ экспортлохыг хориглосон “Хар жагсаалт”-даа орууллаа. Шинэ жагсаалтад уул уурхайн томоохон компаниудын нэг “Zijin Mining Group”, нарны эрчим хүчний “JA Solar Technology”-ийн охин компани, хувцас үйлдвэрлэгч “Huafu Fashion”-ийн охин компаниуд багтжээ.

Дээрх мэдээллийн дараа Хонконгийн биржид бүртгэлтэй “Zijin Mining Group”-ийн хувьцааны ханш 4.3 хувиар унасан байна. Харин “JA Solar Technology” болон “Huafu Fashion”-ийн хувьцааны ханш өсжээ.

67 тэрбум ам.доллароор үнэлэгддэг, БНХАУ-ын Төрийн өмчит “Zijin Mining Group” нь Монголын зэс-алтны “Хармагтай” төслийг удирддаг “Xanadu Mines” компанитай стратегийн түншлэлтэй бөгөөд үе шаттай хөрөнгө оруулалтын үр дүнд “Xanadu Mines”-ийн 50 хувийг эзэмших болсон юм.

АНУ болон Европын компаниуд Шинжаан-Уйгурын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй хувцас болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрээ тус бүс нутгаас гаргах шахалтад ороод байгаа аж.

Шинжаан-Уйгурт нутгийн иргэдийг албадан хөдөлмөрийн лагерьд ажиллуулж байгаагаас гадна ажлын нөхцөл тааруу байгааг эх сурвалжууд баримтжуулсан байна. Харин БНХАУ-ын зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button