Калифорнид даатгалын тогтолцоо дампуурах эрсдэлтэй байна
АНУ-даа хамгийн томд тооцогдох буюу Калифорни мужийн $425 тэрбумын даатгалын зах зээл хямралд ороод байна. Сүүлийн жилүүдийн тус мужид сүйрэл дагуулсан олон тооны ой хээрийн түймэр гарсны дараа даатгалын компаниуд зах зээлээс гарах болсноор мужийн албаныхан тусгайлан арга хэмжээ авахад хүрээд байсан юм. Шинээр журам баталж, түймэрт өртсөн бүс нутагт нэг жилийн хугацаанд иргэдийн даатгалыг цуцлахыг хориглосон байна. Мөн даатгалын компаниудыг буцаан татахын тулд өнгөрөгч арванхоёрдугаар сард шинэ журам гаргажээ.
Шинэ журамд даатгалын компаниудын дахин даатгалын зардлыг үнэлгээнд тусгах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй түймрийн магадлалыг тооцоолох загвар ашиглах боломж олгож буй юм. Харин үүний хариуд компаниуд мужийн өндөр эрсдэлтэй бүс нутагт тодорхой хэмжээний даатгалын гэрээ хийх шаардлагатай аж. Даатгалын томоохон компаниуд, тухайлбал Allstate, эдгээр өөрчлөлтийн дараа зах зээлд буцаж орохоо мэдэгдээд байсан юм.
Гэвч Лос-Анжелест үргэлжилж буй өргөн цар хүрээг хамарсан гал түймрээс болж даатгалын салбарынхан тун болгоомжтой хандаж байна. Даатгал нь хүчинтэй бөгөөд хохирлын дээд хэмжээг заагаагүй бол галд автсан орон сууц, байшин барилгын нөхөн төлбөрийг даатгалын компани бүрэн хариуцах юм. Галын хохирол нэмэгдсэн хэвээр байвал өмнөх арга хэмжээ хангалтгүй бөгөөд илүү өргөн цар хүрээтэй, улс төрийн хувьд маргаантай байж болох шийдвэр гаргах шаардлага үүснэ гэдгийг сануулжээ. Харин шийдвэрлэж чадахгүй бол Калифорнийн даатгалын тогтолцоо дампуурах эрсдэлтэй байна.