Автомашины РЕМЕН-ийг энгийнээр тайлбарлая
Автомашины духны ремень гэж юуг хэлдэг вэ?
Хөдөлгүүрийн эргэлтийг жигд ажиллах нөхцөлөөр хангаж бүх эргэлтийг нэгэн зэрэг байлгадаг моторын урд хэсэгт байрладаг ременийг духны ремень гэдэг.
Жишээлбэл ханын цагны секундийн зүү нэг бүтэн тойроход минутын зүү 1 л хөдөлдөг. Хэрвээ 2 хөдлөх, эсвэл огт хөдлөхгүй бол цагийн зөрүү гардаг. Яг үүнтэй ижил нэг нэгнээсээ хамааралтай араа шүд мотор дотор эргэж байгаа. Энэ хамаарлыг алдалгүй зөв байлгах үүрэгтэй дамжуулагч ременийг духны ремень гэж байгаа юм.
Хэрвээ духны ремень сулрах, тасрах юм бол хөдөлгүүрт догол гарч хүчгүй болох бензин их зарцуулах, бүр цаашилбал бидний ярьдгаар мотор цохих буюу зуурах аюултай байдаг.
Мөн автомашин үйлдвэрлэгч нар духны ременийг 100,000км тутамд сольж байх ёстойг анхааруулдаг. 2000 оноос хойш үйлдвэрлэгч нар духны ременийг гинжээр сольж эхэлсэн. Гэхдээ гинж ч гэсэн суналт, эвдрэл гардгийг анхааруулж солих ёстой байдаг.
Духны ремень яагаад муудаж тасардаг вэ?
Моторт олон араа шүд, тахир гол, нударган гол гээд бие биеэсээ хамааралтай эд ангиуд байдаг. Эдгээрийг гинж болон ременээр дамжуулан холбож хөдөлгүүр эргэх тоолонд гинж ременүүд ачаалал авч тодорхой хэмжээнд сунах, илэгдэх зэргээс болж тасрах аюултай байдаг л даа.
Муудах тасрах болсныг мэдэх боломжтой байдаг юм болов уу?
Сэмэрсэн, хажуугаасаа илэгдсэн зэргийг бол хараад мэдэх боломжтой. Гэхдээ гэмтэл мэдэгдэхгүй байсан ч 100,000км тутамд нь солих нь хамгийн зөв.
Сүүлийн үеийн ихэнх машинууд королла, камри, марк-икс, витз, ист зэргийн духны ремень нь гинжин дамжуулагчтай болсон л доо. Гинжин дамжуулагчтай болсноор асаахгүй удах юм уу хонуулаад асаахад гинж хавирч дуугарах дуу мотороос гардаг.
Энэний учир шалтгаан нь духны гинж нь тосны даралтаар чангалагддаг учраас хоносны дараа тос доошоо тунасан байдаг учир эхний хэдэн эргэлтэнд гинжээ чангалж амжаагүйгээс дуугарах тохиолдол байдаг. Энэ дуу үл мэдэг төдий дуугарч байвал хэвийн гэж үзнэ.
Харин явдал дунд, хөдөлгүүрийн сул ажиллагааны үед дуугарч байвал гинж сунасан, гинж чангалагч бохирдсон, муудсан, тосны хэмжээ багассан эсвэл мотор дотор нагар их хэмжээгээр хуримтлагдсан байж болно. Тиймээс мэргэжлийн газар очиж үзүүлж шалгуулах хэрэгтэй.
Жолооч нарт маань нэмж анхааруулах зүйл байгаа юу?
Хэрвээ байнга хүнд ачаатай, эсвэл өгсүүр замд их явдаг буюу хөдөлгүүр чинь их ачаалал авдаг бол духны ремень, гинжээ 100 биш 80-аас 90,000км-т солиулах хэрэгтэй. Хүнд нөхцөл гэж тооцож байна шүү дээ
Энгийн хотын жолооч нар маань моторын тосоо цаг тухайд нь солиулж жилдээ 1 удаа ремень ээ шалгуулж байхад гэмгүй. Ер нь духны ремень солих гэдэг үйлдвэрлэгчээс км заасан ганц үйлчилгээ байдаг учраас 100,000км тутамдаа духны ременээ солиулж байх шаардлагатай шүү.