Монгол улс энэ жилд 158 улстай худалдаа хийжээ
Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 14.6 тэрбум, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3 (13.4 хувь) тэрбум, экспорт 781.7 (5.7 хувь) сая, импорт 2.2 (26.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгдэж, тэнцэл 1.4 (-25.9 хувь) тэрбум ам.доллароор багассан аж.
Экспорт энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 781.7 сая ам.доллароор нэмэгдэхэд зэсийн хүдэр, баяжмал 528.1 сая, алт 181 сая, төмрийн хүдэр, баяжмал 153.3 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин лаазалсан махан бүтээгдэхүүн 46.2 сая, цайрын хүдэр, баяжмал 44.2 сая ам.доллароор багасжээ.
Импорт өмнөх оны мөн үеийнхээс 2.2 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин 382.3 сая, ачааны автомашин 297.6 сая, дизелийн түлш 196.2 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 139.3 сая, автобензин 91.5 сая, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 75.3 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Экспорт 11 дүгээр сард өмнөх сарынхаас 10.5 (0.7 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 18.5 (1.9 хувь) сая ам.доллароорнэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.