Life

Өмнөд Солонгос “хэт хөгширсөн” хүн амтай улс болжээ

Өмнөд Солонгосын 51 сая хүн амын 20 хувь буюу 10.24 сая нь 65 ба түүнээс дээш настай болсныг тус улсын засгийн газраас гаргасан тоо баримт харуулж байна.

НҮБ-ын ангиллаар 65 ба түүнээс дээш настны тоо хүн амын 7-оос дээш хувийг эзэлбэл “aging society” (хөгширч буй нийгэм), 14-өөс дээш хувь бол “aged society” (хөгширсөн нийгэм), 20-оос дээш хувь бол “super aged society” (хэт хөгширсөн нийгэм) гэж үздэг. 2023 онд Өмнөд Солонгос улсад хүүхэд төрөлтийн хувь хэмжээ 0.72 хүрч, дэлхийн улс орнуудаас хамгийн сүүлд жагсах болсон юм. Эмэгтэйчүүдийн амьдралынхаа турш төрүүлсэн хүүхдийн дундаж тоогоор илэрхийлэгддэг энэ үзүүлэлт ядаж 2.1 байхад хүн амын тоо бууралгүй тогтвортой байдаг. Үүнд гадаадаас ирэх цагаачдын өсөлтийг тооцоогүй юм.

Тус улсын дотоод хэргийн яамнаас гаргасан тоо баримтаас харвал эрэгтэйчүүдийн 18 хувь, эмэгтэйчүүдийн 22 хувь нь 65 ба түүнээс дээш настай болжээ.

Энэ оны тавдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл хүн амын бууралтыг “үндэсний хэмжээний гамшиг” гэж нэрлээд уг асуудлыг хариуцсан шинэ яам байгуулах саналыг нь дэмжихийг парламентдаа уриалж байжээ.

Үүнд амьжиргааны зардал өссөн, цалин хөлсний өсөлт удааширсан, гэрлэлт, хүйсийн тэгш эрхийн байдалд хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна.

2022 онд Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн 16 жилийн хугацаанд хүн амын өсөлтөө дэмжихийн тулд $200 гаруй тэрбумыг зарцуулсан ч үр дүн гараагүйг хүлээн зөвшөөрч байв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button