Шинэ iPhone худалдаалахыг хориглосны үр дүнд Индонез улс Apple компаниас $1 тэрбумын хөрөнгө оруулалт авахаар болов
Зүүн Өмнөд Азийн хамгийн том зах зээлтэй Индонез улс аравдугаар сард iPhone 16 загварын шинэ гар утас худалдаалахыг хориглож байв.
Ингэхдээ уг бүтээгдэхүүний дотоод эд ангийн тодорхой хэсгийг Индонезын зах зээлээс бүрдүүлэх шаардлагыг хангаагүй гэсэн тайлбар тавьж байжээ.
Гэхдээ энэ нь үнэндээ Apple компанийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шахалт байлаа.
Тухайн үед Apple $10 саяар Индонезын зах зээлд хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байсан юм. Шинэ загварын iPhone худалдаалахыг хориглосны дараа тус компани хөрөнгө оруулалтынхаа хэмжээг $100 саяд хүргэх амлалт өгсөн байна.
Гэвч энэ нь Индонезын эрх баригчдын сэтгэлд хүрээгүй тул $1 тэрбумд хүргэх санал тавьжээ. Индонезын ерөнхийлөгч Прабово Субианто энэ саналыг хүлээж авсан тул тус улсын засгийн газар хоригоо цуцалсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Apple компани хөрөнгө оруулалтынхаа хүрээнд Батам арал дээр AirTags төхөөрөмжийнхөө үйлдвэрийг байгуулж, 1,000 орчим хүнийг ажлын байраар хангахаар болжээ.
Бас Бандунг хотод шинэ үйлдвэр байгуулж, Индонез даяар судалгаа хөгжүүлэлтийн хэд хэдэн төв байгуулах амлалт өгсөн гэнэ.
Индонезын эрх баригчид 270 гаруй сая хүн амтай зах зээлээ гадаадын бараа бүтээгдэхүүний хэрэглэгч төдий биш, үйлдвэрлэх үйл явцад нь оролцогч болгохыг зорьж байгаа.
Одоо тус улсын засгийн газар өөрийн зах зээлд худалдаалагдах гар утас, таблетын дотоод эд ангийн бүтцийн 35-аас дээш хувь Индонезын нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдсэн байх, эсвэл үйлдвэрлэгч нь хөрөнгө оруулахаа амласан байх нөхцөл тавьдаг.
Өмнөд Солонгосын Samsung, Хятадын Xiaomi компаниуд хөрөнгө оруулалтаа тус бүр 8 их наяд рупиа ($494 сая), 5.5 их наяд рупиад хүргэсэн нь үүнтэй холбоотой.
Харьцуулбал Apple компанийн хөрөнгө оруулалт дөнгөж 1.48 их наяд рупиа хүрч байжээ.
Тус компанийн хувьд Индонезын хөрш Вьетнам, Тайландад үйлдвэр байгуулахдаа тус бүр $15.4 тэрбум, $24 тэрбумын хөрөнгө оруулсан юм.
Эдгээр улсууд нь Индонез улсаас жижиг зах зээлтэй ч таатай бодлоготой, хүнд суртал бага тул ийм хэмжээний хөрөнгө татсан гэдэг. Тиймээс Индонезын засгийн газар Apple компанид үзүүлсэн шиг шахалтаар гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж болох ч тогтвортой өсөлтөд нь зөв бодлого чухал гэж судлаачид үзэж байна.