Урлаг

Онцлох үзэсгэлэн: Мөнх хөх тэнгэр өвөл хаачдаг вэ?

2024 оны хаалтыг хийж уран бүтээлч Э.Лхагвадоржийн 6 дахь бие даасан үзэсгэлэн болох “Мөнх хөх тэнгэр өвөл хаачдаг вэ?”-г онцолж байна.

Улаанбаатар дахь улирлын настай асуудлууд буюу өвөл бүр дурдагддаг утаа, түгжрэл, амьдралын чанарын доройтлыг зоригтойгоор өгүүлэх Лхагвадорж энэхүү сэдвээр сүүлийн 15 жилийн туршид тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй. Зуны 3 сарын хугацаанд хэн бүхэнд магтаж ярих хөх тэнгэр, хязгаар үгүй дэлгэр сайхан нутаг өвөл болоход бардам ярьж чадах хэвээрээ байдаг уу? Өвдөж, даарч, эцэстээ туйлдаж уурлангаа саарал тэнгэрээ гайхаж суух нь хэдийн тогтсон үзэгдэл болжээ.

2010 оноос эхлэн бидний “орон гэргүй” хүмүүс гэж дуудах гудамжинд хонож, хог түүх хүмүүстэй биечлэн уулзаж, ярилцаж, хүн болгоны түүхийг хүндлэн сонсож явсан нь түүний уран бүтээлийн кареерийн эхлэл байв. Нийгмийн сэхээтэн, боловсролтой эрдэмтэн, мянгат малчин гэхчилэн өөрсдийн цаг хугацаандаа хийж бүтээж бас үнэлэгдэж явсан тэд нийгмийн өөрчлөлтийн дараа хэн ч биш болж, үүнээсээ үүдэн архинд донтох эхлэл нь тавигдсан тохиолдол олон. Амьдрал ямар хэцүү байгааг мартах гэж, хэсэгхэн ч болов тэр бүхнээс холдох гэж ууж эхэлж байсан бол яваандаа донтолт болж, өөрийн гэснээ бүхнээ алдсан тэр хүмүүсийг фото реализм буюу яг л гэрэл зургийг нь авсан юм шиг бодитойгоор, зохиомжийг нь илүү хүчтэй зурж эхэлсэн билээ.

“Мөнх хөх тэнгэр өвөл хаачдаг вэ?” үзэсгэлэн хүний замбараагүй хэрэглээ, үүнээс үүдэх хог хаягдал нь дахин боловсруулагдах зөв шийдэлгүйгээр хэрхэн овоорон бугширч байгааг харуулна. Гэсэн ч тэр хог хаягдал дунд амьдарч, түүгээр амьдралаа болгож буй хүмүүсийг мөн марталгүй сануулсан нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн бодит байдлыг харуулсан аж. Тус үзэсгэлэн Lkham Gallery -д 2025 оны 1 сарын 31-ныг хүртэл үргэлжлэх юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button