“Lego” тоглоомын салбарыг шинэ түвшинд хүргэж байна
Дэлхийн тоглоом үйлдвэрлэлийн салбарын борлуулалт хоёр дахь жилдээ тасралтгүй буурч буй хэдий ч Данийн алдарт “Lego” компанийн амжилт өсөлтөөр тодорсоор байна. Тус компани 2024 оны эхний хагас жилд орлогоо 13 хувиар өсгөн, зах зээлд эзлэх байр сууриа улам бататгаж чаджээ.
Энэхүү амжилтын гол түлхүүр нь “Lego”-гийн олон төрлийн хэрэглэгчдийг татах бүтээлч санаачилга байв. Тус компани хүүхдээс эхлээд насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүн гаргаж, “Оддын дайн”, “Харри Поттер” зэрэг алдартай франчайзтай хамтран ажиллахын зэрэгцээ урлаг, соёлын өвийг шингээсэн тоглоомын багцуудыг худалдаанд гаргажээ. Жишээлбэл, Формула 1, Ван Гогийн “Одод түгсэн шөнө” бүтээл, дэлхийн алдарт уран барилгуудыг лего хувилбараар бүтээгээд байна.
Цаашид “Lego” хүүхэд, залуусын анхаарлыг татахуйц шинэлэг бүтээгдэхүүн гаргах зорилгоор контент хөгжүүлэлтээ эрчимжүүлэх аж. Тухайлбал, “Fortnite”-тай хамтран виртуал ертөнцөд лего хотуудыг бүтээн, хэрэглэгчдэдээ дижитал барилга байгууламж барих, адал явдалт орчинд найзуудтайгаа хөгжилдөх боломжийг олгожээ.