Японы их гурвал хүчээ нэгтгэнэ
“Honda Motor”, “Nissan Motor” компани дэлхийн авто зах зээлийн хүчний тэнцвэрийг өөрчлөх боломжтой түүхэн нэгдэн нийлэх хэлцлийнхээ анхны алхмуудыг хийжээ. Японы алдарт хоёр компани даваа гарагт яриа хэлэлцээний үндсэн нөхцөлийн санамж бичигт гарын үсэг зурж, Токио хотноо хэвлэлийнхэнд хамтарсан мэдээлэл хийсэн байна.
Нэгдэн нийлэх хэлцлийн хүрээнд шинэ хуулийн этгээдийг удирдах холдинг компани байгуулах бөгөөд 2026 оны наймдугаар сар гэхэд компаниа бүртгүүлэх хүлээлттэй байгааг дээрх компанийн төлөөлөл мэдэгджээ. Мөн шинэ компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн олонхыг “Honda Motor” давуу эрхтэйгээр нэр дэвшүүлэх боломжтой байхыг тодотгосон байна.
Үүнээс гадна 24.5 хувийг нь “Nissan Motor” эзэмшиж буй “Mitsubishi Motors” компани харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд группт нэгдэх эсэхийг нь ирэх нэгдүгээр сард болох хурлаар эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Шинэ компани байгуулахтай холбоотойгоор “Honda Motor” компани ирэх оны мөн үе гэхэд долоон тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа эргүүлэн худалдаж авах төлөвлөгөөгөө зарласан байна.
Энэхүү мэдээллийн дараа “Honda Motor”-ийн хувьцааны ханш арилжаа нээгдэхэд 14.4 хувиар буюу өндөр дүнгээр өслөө. Харин “Nissan Motor”-ийн хувьцааны ханш 7.3 хувиар унасан хөдөлгөөнтэй байна.
Энэхүү нэгдэн нийлэх хэлцэл нь ерөнхийдөө “Nissan Motor” компанийг аврах төлөвлөгөө гэж хэлж болохоор байгаа юм.
Хоёр компани сүүлийн жилүүдэд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалтаараа Хойд Америк болон БНХАУ-ын зах зээлд гол өрсөлдөгчдөөсөө хоцорч байна. Ялангуяа “Nissan Motor”-ийн хувьд борлуулалтын өсөлт нь зогсонги байдалд орж, ашиг нь буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Компаниуд нэгдвэл Японы зах зээлд “Toyota Motor”-той шууд өрсөлдөх том компани болох төдийгүй дэлхийн авто зах зээлд хэмжээгээрээ гуравдугаарт бичигдэх төлөвтэй байна.
Энэхүү хэлцлийн цаад санаа, зорилгыг ойлгохгүй байгаагаа “Nissan Motor” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга асан Карлос Госн илэрхийлжээ. Мөн тэрбээр “Хоёр компанийн давуу болон сул тал нь ижил, хослон ажиллах орон зай харагдахгүй байгаа тул прагматик алхам биш” гэж үзэж байгаагаа тодотгосон байна.