“Паркер” пуужин наранд хамгийн их ойртоно
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ “Паркер” автомат станц Дэлхийгээс урьд өмнө нь илгээж байсан аппаратуудын дотроос Наранд хамгийн их ойртож очих төлөвтэй байна.
Нарыг судлах зорилготой “Паркер” зондыг 2018 онд хөөргөсөн бөгөөд Нарны титмийн дундуур нисэж байгаа уг аппаратын дараагийн зорилго бол Наранд хамгийн ойртож очих юм. НАСА-гийн мэргэжилтнүүдийн төлөвлөсний дагуу “Паркер” мягмар гарагт Нарны гадаргуугаас 6 сая км-ийн зайд дөхөж очсоноор дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Түүнээс хойш хэд хоногийн турш “Паркер” ямар байдалтай байгааг мэргэжилтнүүд мэдэхгүй боломжгүй бөгөөд үүний учир нь сансрын хөлөг харилцаа холбооны хүрээнээс гадуур байх юм.
“Паркер” зонд өмнөх сансрын хөлгөөс Наранд долоо дахин илүү ойртохоор төлөвлөж байгаа ба хамгийн их ойртох үедээ 690мянган км/цаг хурдлах ажээ. Урьд хожид байгаагүй хамгийн хурдан сансрын хөлөг болох “Паркер” нь Цельсийн 1371 хэм хүртэл халууныг тэсвэрлэх чадвартай дулааны хамгаалалтаар тоноглогдсон юм. Уг аппарат хамгийн ойртлоо гэхэд есдүгээр сар хүртэл энэ зайд Нарыг тойрно.
Ингэснээр титэм нь яагаад гадаргуугаасаа хэдэн зуу дахин халуун байдаг, мөн Нарны салхи буюу Нарны титмээс ялгарах ионжсон бөөмсийн урсгал хэрхэн үүсдэг болохыг судлахаар төлөвлөж байна. Нарны цацраг нь дэлхий дээр амьдралыг бий болгодог. Үүний зэрэгцээ Нарны хүчтэй шуурга нь радио холбоо, эрчим хүчийг түр тасалдуулж болзошгүй. Нар одоогоор 11 жилийн мөчлөгийнхөө хамгийн оргил үедээ байгаа тул туйлын туяа урьд өмнө үзэгдэж байгаагүй газруудад үзэгдэж болжээ.