Спорт

"Москвагийн цом”-оос манай жүдочид долоон медаль хүртлээ

ОХУ-ын Москва хотод “Москвагийн цом” цуврал тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

Тэгвэл энэ жил тус тэмцээний финал болж, манай тамирчид хоёр алт, таван хүрэл медаль хүртэв. Энэ удаа  2021, 2022, 2023 оны тэмцээнээс медаль хүртсэн тамирчин урилгаар оролцсоноос гадна Орос, Монгол, Азербайжан, Казахстан, Тажикистан, Беларусь, Куба, Бразил, Грек, Узбекистан, Кипр, Иран, Киргиз, Молдав, Румыны шилдэг жүдочид оролцсон байна. 

“Россия тур Москва супер финал” хэмээх нэртэй тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Үүнээс гадна эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Анударь, 52 кг-д спортын мастер М.Нандин-Эрдэнэ, +78 кг-д олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Уг тэмцээнд түрүүлсэн тамирчныг 400 мянган рубль буюу 11 сая 800 мянган төгрөгөөр мялаасан бол мөнгө медалийг 200 мянга, хүрлийг 100 мянган рубль дагалджээ. 

Ийнхүү Монголын жүдочдын 2024 онд оролцох тэмцээн үүгээр отголж байгаа бөгөөд ирэх жилийн нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулна. Улмаар хоёрдугаар сараас “Их дуулга”, гранпри ангиллын цуврал тэмцээн болно. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button