Зөвлөгөө : Машин тань цасанд суусан тохиолдолд яах вэ?
Цасанд сууна гэж дөнгөж сурч байгаа шинэхэн жолооч байтугай хашир туршлагатай жолооч нарын ч халгадаг хүнд нөхцөл байдал гэдэгтэй жолоо барьдаг хэн ч санал нийлнэ биз ээ. Нэгэнт л цасанд суусан бол одоо яах вэ?
Та цасанд суусан бол хамгийн түрүүнд дугуйг хий эргүүлэхээс сэргийл! Энэ нь доошоо цасыг ухах л үйлдэл болдог. Ингэж цасыг хэт ухсанаар сүүлдээ машин элгээрээ цасанд тулж, наашаа ч үгүй цаашаа ч үгүй болно. Бас сандарч, машинаа гаргах гэж яарах хэрэггүй. Яарч сандран хэт хүчтэй хаз өгч дугуйг хий эргүүлснээр хурдны хайрцаг болон дифференциал, авцалдуулах холбоог муутгаж, эвдэх ч эрсдэлтэй юм.
Цаснаас гарах арга зам нь жолоогоо хоёр тийш нь эргүүлж, урд дугуйг хоёр тийш нь займруулах, тэгээд маш бага багаар хаазны гишгүүрийг гишгэж, зөөлнөөр хөдөлгөх гэж оролдох хэрэгтэй. Ингээд ч болохгүй бол хүрз ашиглан цасыг ухаж цэвэрлээд дугуйн доор элс, үнс, шороо юм уу давс асгаж болно.
Мөн шуудай ч юм уу, хуучин хөнжил хийх, бүүр болохгүй бол шалавчны хивсэнцрээ хийсэн ч болно. Ер нь л хүчээр биш эвээр гэдэг шиг цасанд суусан бол ивэх, түрэх, чирүүлэх, ухах л хамгийн үр дүнтэй арга. Тийм болохоор жолооч та юмыг яаж мэдэх вэ гээд машиныхаа ард ивэх, эсвэл зориулалтын ивүүр аваад явж байхад илүүдэхгүй.
Хамгийн сайн арга бол урьдчилан сэргийлэх гэдэг дээ.
Бүр зайлшгүй цастай замаар явах хэрэгтэй байгаад байвал бууж цасны хэмжээ, замын нөхцөл байдлаа сайтар шалгасан болзошгүй эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал алхам.
Нэгэнт яваад орчихсон бол цастай зам дээр огцом хурдлахгүй, эргэхгүй, огцом тоормослохгүй, хэт их хазлахгүй байх хэрэгтэй. Өвлийн улиралд хамгийн зөв машин барих арга бол ердөө л зөөлөн явах мөн автомашинаа мэдэрч барих явдал юм.