Life

Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд

Намар-өвөл 2024 улирлын загварын тайзнаа олон сонирхолтой нүүр будалтын чиг хандлагууд үзэгдсэн билээ. Тухайлбал мейкап артистууд чухал үйл ажиллагаанд хэрэгжүүлж болох алтлаг саа бүхий нүд будалт, дулаан мэдрэмж өгөх шаргал, ягаан өнгийн хацар өнгөлөгч, мөнхийн сонгодог гэгддэг час улаан өнгийн уруулын будалтыг онцолсон байв. Мөн энэ улиралд TikTok платформ дээр дэлгэрээд буй Cold girl makeup, Soft baddie, Satin skin зэрэг гоо зүйн урсгалууд эрэлттэй хэвээр байх хандлагатай байна. 


СМОКИ НҮД БУДАЛТ

Энэхүү будалтын гол анхаарал татах хэсэг нь зөвхөн нүд учир уруулаа бүдэг өнгөөр будах, аль эсвэл нэмэлтээр уруулын тэжээл хэрэглээрэй. Харин хацраа завсрын ягаан, эсвэл шаргал өнгөөр тодруулж өгвөл будалт тань илүү төгс харагдах болно. Хэрэв танд нүдээ хар өнгөөр будах нь өдөр тутамд зохимжгүй мэт санагдвал хүрэн бор, гүн ногоон гэхчлэн өөрийн хүссэн бараан өнгийг сонгон ашиглах боломжтой.

КЛАССИК УЛААН

Тус будалтыг хэрэгжүүлэхээсээ өмнө уруулаа маш сайн чийгшүүлж өгсөн байх хэрэгтэй гэдгийг мартуузай. Дараа нь уруулаа дан ганц улаанаар будаад орхих бус өнгө дагуу уруул хүрээлэгч ашиглан тодруулж өгөөрэй. Мөн уруулаа тод өнгөөр будсан бол арьсныхаа төрөлд тохирсон хөнгөн бүтэцтэй кремийг сонгож, нүд болон хацартаа бүдэг өнгийг хэрэглэж өгвөл будалт тань илүү цэгцтэй харагдах болно.

ЭРҮҮЛ, ГЯЛАЛЗСАН АРЬС

Тус будалтыг хэрэгжүүлэхдээ нүүр будалтаас илүүтэй будалтын өмнөх арьс арчилгаандаа анхаарал хандуулаарай. Ингэхдээ хамгийн түрүүнд арьсны бохирдлыг цэвэрлэж, нүх сүвийг агшаах үүрэгтэй шавран маск хэрэглэнэ. Дараа нь арьсыг гүн чийгшүүлэх, тэжээлийн тосыг сонгож арьсаа бэлдэнэ.

ЯЛДАМ БУДАЛТ

Харин будалтаа хийхдээ нүдэндээ ягаан, бор өнгийн суурьтай, гялалзуулагч эффекттэй тенийг сонгон хэрэглээрэй. Үүний дараа хацрынхаа алим хэсгийг тод ягаан, аль эсвэл тоорын шаргал өнгөөр будна. Эдгээр өнгөнүүд нь арьсны өнгийг тодруулж, эрүүл, өнгөлөг төрхийг үүсгэж өгдөг бөгөөд илүү сэргэг, залуу харагдахад тусалдаг. Харин уруулдаа гялалзсан бүтэцтэй, завсрын ягаан өнгөөр туяа оруулаарай.

ХАРЦ БУЛААМ ҮДШИЙН БУДАЛТ

Баяр ёслолоор дүүрэн өвлийн улирлыг үдшийн будалтгүйгээр төсөөлшгүй. Хэт урт биш, нүдний хэмжээнд таарсан хиймэл сормуусыг ашиглан дүр төрхөө тодотгож, гоёлын будалтаа чимж өгөөрэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button