АвтоБизнес

Honda, Nissan компаниуд нэгдэх талаар хэлэлцэж эхэлжээ

Японы автомашин үйлдвэрлэгч Honda, Nissan компаниуд нэгдэх зорилгоор яриа хэлэлцээ эхлүүлсэн тухай Никкей сонин өнөөдөр өглөө мэдээлжээ. Нэгдэх шалтгаан нь Тесла гэх мэт цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөд хүчээ нийлүүлэх зорилго гэнэ. Хоёр компани нэг толгой компанийн дор үйл ажиллагаагаа явуулдаг болох бөгөөд удахгүй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах талаар Никкей мэдээлжээ. Бас Nissan компани хамгийн том хувийг нь эзэмшдэг Mitsubishi Motors компанийг энэ гэрээнд нэгтгэх талаар ярилцаж байгаа гэнэ. Хэрвээ тэгвэл шинэ компани нь дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгчдийн нэг болох юм. Никкей сонинд нийтлэгдсэн мэдээний мөрөөр тодруулахад хоёр компанийн аль аль нь шууд үгүйсгээгүй бөгөөд “нэг нэгнийхээ давуу талыг хөшүүрэг болгон ашиглах ирээдүйн хамтын ажиллагааны боломжуудыг судалж байгаа” гэсэн хариу өгсөн байна.

Nissan, Honda нь Японд зах зээлийн хэмжээгээрээ Toyota компанийн дараа хоёр ба гуравдугаарт ордог компаниуд юм. Хоёр компани энэ оны гуравдугаар сард цахилгаан хөдөлгүүрт автомашин зохион бүтээх чиглэлд стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж байжээ. 2023 онд Хятад улс дэлхийн хамгийн том автомашин экспортлогчийн титмийг Японоос шилжүүлэн авсан юм. Тиймээс Nissan, Honda хоёрын нэгдэл нь Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх үндсэн зорилготой гэж шинжээчид үзэж байна. Honda компани энэ оны тавдугаар сард цахилгаан автомашины хөрөнгө оруулалтаа 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлж, $65 тэрбумд хүргэх, 2040 он гэхэд 100 хувь цахилгаан автомашин үйлдвэрлэдэг болох зорилтоо танилцуулсан юм. Гуравдугаар сард Nissan бас ижил төстэй зорилт танилцуулахдаа ойрын гурван жилд үйлдвэрлэх 30 шинэ загаврынхаа 16-г нь цахилгаан хөдөлгүүртэй гаргах тухай мэдэгдэж байв. Японы үйлдвэрлэгчид өнгөрсөн хугацаанд цахилгаанаас илүү хосолсон (хайбрид) хөдөлгүүрт илүү анхаарал тавьж байсан. 2022 онд тус улсын зах зээлд шинээр борлуулагдсан нийт автомашины 40 хувь нь хайбрид хөдөлгүүртэй байжээ. Гэтэл ердөө 1.7 хувь нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байсан юм. Харьцуулбал баруун Европт 15, АНУ-д 5.3 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байв. Харин одоо Японы компаниуд бодлогоо өөрчилж, цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлд илүү анхаарал тавих болжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button