Хумсны хатуу, бат бөх чанарыг хангадаг амин дэмүүд
Маникюрт орж гелэн будгаар хумсаа будах нь бидний амьдралын хэв маягийн нэг хэсэг болжээ. Гоёмсог маникюртай байх нь сайн хэрэг ч мэргэжлийн бус маникюрчин, шаардлага хангаагүй хэрэгслээс улбаалан хумс гэмтэх, нимгэрэх зэрэг асуудлуудтай тулгардаг. Аль эсвэл ямар нэг гадны нөлөөгүй ч шим тэжээлийн дутагдал нь хумсны эрүүл мэндэд нөлөөлдөг билээ. Тиймээс хумсаа бат бөх, эрүүл байлгах үүднээс хэрэгцээт амин дэмийг хэрэглэх шаардлагатай юм. Ингэхдээ шаардлагатай амин дэмийн хэмжээ хүн бүрт харилцан адилгүй тул мэргэжлийн эмчид хандан өөрт таарсан тунгаа тогтоолгох нь чухал гэдгийг анхаараарай.
Биотин
Биотин буюу B7 амин дэм нь хумсны хатуу, бат бөх чанарыг хангадаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Тухайлбал, АНУ-ын Үндэсний анагаах ухааны санд нийтлэгдсэн хэврэг, нимгэн хумстай 35 хүнийг хамруулан хийсэн судалгаанд өдөр бүр 2.5мг биотинийг 2-7 сарын хооронд хэрэглэх нь хумсных нь бат бөх байдлыг 63% дээшлүүлсэн үзүүлэлт гарчээ.
Коллаген
Коллагенд байдаг пептид гидролизын уураг нь хумсыг бат бөх болгож, ургалтын явцыг түргэсгэдэг билээ. Коллаген нь хумсанд хэрхэн нөлөөлдөг талаар хийсэн нэгэн судалгаанд уг бэлдмэлийг өдөр бүр 24 долоо хоногийн турш хэрэглэх нь хумсны өнгөн хэсгийг хатуу, өнгөний хувьд эрүүл, ургалтын үйл явцыг хурдасгасан байжээ.
Төмөр
Төмөр нь цусны улаан эсийг бүрдүүлдэг ба энэ нь биеийн бүх эд эс, эрхтэнг хүчилтөрөгчөөр хангадаг билээ. Тэгвэл төмрийн дутагдал эсвэл цус багадалттай хүний хумсанд дээр босоо зураас гарах эсвэл хонхойх шинж илэрдэг байна.
Витамин С
Витамин С нь коллагены нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг тул хумсны нэмэлт тэжээлд хэрэглэдэг хамгийн түгээмэл антиоксидантад тооцогддог. Витамин С дутагдсанаар хумс хэврэгшиж, ургалт нь удаашрах сөрөг нөлөөтэй.
Омега 3
Омега 3 тосны хүчил нь хумсыг чийгшүүлж, гялалзсан харагдуулдаг бөгөөд хумсны доод хэсгийг үрэвсэхээс хамгаалдаг билээ. Омега 3 дутагдсанаар хумс хуурайшиж, хэврэгшдэг байна. Тиймээс АНУ-ын Анагаах ухааны хүрээлэнгээс баталсан Омега 3-ыг уух зохистой хэмжээндзаасны дагуу эрчүүд өдөрт 1.6г харин эмэгтэйчүүд 1.1г хэрэглэхэд аюулгүй гэнэ.