Хятад улс Nvidia компанийг шалгаж эхэлжээ
Даваа гарагт Хятад улс АНУ-ын чип үйлдвэрлэгч Nvidia компанийг тус улсын монополийн эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээ мэдэгджээ. Шинжээчид үүнийг Вашингтоны саяхан гаргасан чипний хязгаарлалттай холбоотой шийдвэрийн хариу арга хэмжээ гэж үзэж байна.
БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын ерөнхий газраас /SAMR/ мэдэгдсэнээр, Nvidia-г мөн “Mellanox Technologies” компанийг худалдан авахдаа өгсөн амлалтаа зөрчсөн гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ Nvidia Хятадын монополийн эсрэг хуулийг хэрхэн зөрчсөн байж байж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Nvidia-гаас энэ талаар тодруулга хүсэхэд ямар нэгэн хариу өгөөгүй байна. Хятадын талын мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш 2.2 хувиар унажээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын хагас дамжуулагчийн салбартай холбоотой гурав дахь томоохон шийдвэрийг гаргаж, тус улсын хагас дамжуулагчийн экспортод хязгаарлалт тавьсны дараа дээрх мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Nvidia-гийн чипнүүд Хятадад эрэлт ихтэй байсан боловч АНУ-ын хязгаарлалтын улмаас буурчээ. АНУ-ыг хориг тавихаас өмнө Nvidia Хятадын хиймэл оюун ухааны чипний зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байв. Гэсэн хэдий ч өдгөө дотоодын компаниудын дунд өрсөлдөөн нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн дундаас Huawei компани толгой цохиж байна.
Nvidia компани 2019 онд Израилын чип үйлдвэрлэгч “Mellanox Technologies”-ийг худалдан авахаар 6.9 тэрбум ам.долларын санал тавих үед АНУ-Хятадын худалдааны маргааны улмаас Хятад улс уг хэлэлцээрт саад болж магадгүй гэсэн болгоомжлол байсан юм. Гэвч хожим нь Бээжин 2020 онд тус компанийн Хятад дахь үйл ажиллагааг зөвшөөрчээ.