Бизнес

Кофе уунгаа Хойд Солонгосын амьдралыг дурандах боломжийг “Starbucks” бий болголоо

БНСУ-ын Гимпо хот дахь ажиглалтын цамхаг дээр “Starbucks”-ийн шинэ кафе нээгджээ. Солонгосын хойгийн дайны үед 154-р өндөрлөг нэртэй байсан тус ажиглалтын цамхаг нь хоёр улсын хилийг заагладаг Жоган голын нөгөө эргээс 1.6 км-ийн зайтай байдаг БНАСАУ-ын Гэбун тосгон руу хардаг аж. Тиймээс “Starbucks”-ийн тус салбарын үйлчлүүлэгчид дуран болон сайн линзтэй камер ашиглан Хойд Солонгосын амьдралыг тольдох боломжтой болжээ.

“Starbucks”-ийн энэхүү шинэ кафе нь тус бүсийн түүхэн болон стратегийн ач холбогдлыг ашиглан аялал жуулчлалын төв болгох Гимпо хотын төлөвлөгөөний нэг хэсэг юм байна. Ажиглалтын цамхаг оршдог “Aegibong Peace Ecopark”-т он гарсаар 135 мянга 514 хүн зочлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлт боллоо. БНСУ дахь “Starbucks”-ийн кофе шопын тоо дэлхийн 80 улсаас тавдугаарт бичигдэж байгаа бөгөөд Сөүл хот нэг хотод хамгийн олон салбартайгаараа тэргүүлж байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар “Starbucks” нь дэлхийн 80 улсад 36 мянга орчим салбартай ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button