Япон улс шинэ үеийн нарны үүсгүүрийн технологиор 20 цөмийн цахилгаан станцтай тэнцэх эрчим хүч үйлдвэрлэнэ
Япон улсын засгийн газар 2040 он гэхэд шинэ үеийн нарны эх үүсгүүрийн тусламжтай 20 Гигаватт эрчим хүч буюу 20 ширхэг цөмийн цахилгаан станцтай тэнцэх эрчим хүч үйлдвэрлэдэг болохоор төлөвлөж буйг албаны эх сурвалж мэдээлжээ. Тус улсын эрчим хүчний яам “perovskite” гэгддэг шинэ үеийн нарны эх үүсгүүрийг 2050 онд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтынхоо чухал хэсэг болгож байгааг эх сурвалж мэдээлсэн байна. Япон улс нь “perovskite” нарны үүсгүүрийн гол түүхий эд болдог иодины үйлдвэрлэлээр дэлхийд Чили улсын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг юм. Тиймээс аль нэг улсаас хараат бус, бие даасан нийлүүлэлтийн сүлжээг байгуулах боломжтой гэгдэж байна. 2011 оны газар хөдлөлт, цүнамигаас үүдэлтэй цөмийн сүйрлийн дараа Японд нарны эх үүсгүүрийн хэрэглээ эрс нэмэгдэж, 2024 оны санхүүгийн жилд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 10 орчим хувийг бүрдүүлдэг болжээ.
“Perovskite” төрлийн нарны үүсгүүрийн материал нь хөнгөн, уян, гажилтад тэсвэртэй тул барилгын хана, цонх, автомашины дээвэр зэрэгт байрлуулах боломжтой юм. Sekisui Chemical Co зэрэг компаниуд ийм төрлийн нарны эх үүсгүүрийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ч шийдвэрлэх шаардлагатай зарим техникийн асуудлын улмаас 2030 оноос наана нэвтрүүлэх боломжгүй гэж судлаачид үздэг. 2004 онд Япон улс дэлхийн нарны эх үүсгүүрийн 50 орчим хувийг үйлдвэрлэдэг байснаа өнөөдөр нэг хүрэхгүй хувь болж буурсан нь Хятадын үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотой. Тэгвэл одоо Япон улс perovskite технологийг дотоодын сэргээгдэх эрчим хүчний гол эх үүсвэр болгосныхоо дараа гадаад зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна.