Нээлттэй хаалга, "ялгаатай" боловсрол
Тэгш хүртээмж, тэгш гараа гэж мянга ярьдаг ч энэ нь амьдрал дээр эсрэгээрээ улам гүнзгийрсээр том ангал болон хувирч байна. Нэн тэргүүний анхаарах хөрөнгө мөнгө зарцуулах салбар яахын аргагүй боловсролын салбар юм. Гэвч боловсролын хүртээмжгүй байдлын улмаас гурван ээлжээр хичээллэж хүүхдүүдийн сурч мэдэх цагт бус унтаж амрах үеэр хичээл нь орж, хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд, багш нарт хүндрэлүүд гарсан хэвээр. Яг адил дөрөвдүгээр ангийн хоёр сурагчид боловсролын систем, хүртээмжээс хамаарч боловсролын тэгш бус байдлын горыг амсаж байна.
Индра охин ХУД-ийн 34-р сургуульд сурдаг. Түүний сургууль анх баригдахдаа 920 хүүхдийн багтаамжтай баригдсан. Харин одоогийн байдлаар 4800 гаруй хүүхэд гурван хичээлийн байранд хуваагдан сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Харин Билгээ хүү алслагдсан дүүрэгт байрлах Орбитын 123 сургуульд сурдаг. Анх 680 хүүхдийн багтаамжтай сургуулийг барьсан. Гэвч одоо 1604 хүүхэд багталцаж ядан гурван ээлжээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Гурав дугаар ээлжид нэг, гурав, дөрөвдүгээр ангийн сурагчдын хичээл ордог. Тус сургуулийн зүгээс бага ангийн хүүхдүүдийг гурав дахь ээлжид оруулснаар асран хамгаалагчид гарын үсэг зуруулан хүлээлгэн өгдөг байна. Хүүхдүүдийн аюулгүй байдал талаас анхаарч энэхүү зохицуулалтыг хийсэн аж. Эхний ээлжийн сурагчид 7.15-11.30 цагт ордог бол хоёрдугаар ээлж 11.40-15.15 цагт завсарлаж гуравдугаар ээлж 15.00-19.20 цаг хүртэл хичээллэдэг байна.
Түүнчлэн багшийн хүрэлцээ муу улмаас нэг багш хоёр ажил үүргийн хуваарилалттай ажиллах тохиолдол цөөнгүй. Тухайлбал Билгээ хүүгийн ангийн багш өглөөний цагуудад нийгмийн ажилтны ажил үүргийг давхар гүйцэтгэдэг байна.
“Хүүхдүүд харанхуй болчихлоо гээд байн байн цонхоор харж, өнөөдөр намайг хэн ирж авах билээ гэж санаа нь зовнидог“
Нийслэлд есдүгээр сарын байдлаар гурван ээлжээр хичээллэж байгаа 3000 гаруй сурагч байна. Энэ нь зөвхөн хүүхэд гэлтгүй багш, ажилчдад хүндрэлтэй байгааг ярьж байлаа. Тэр тусмаа багшийн хувьд ажлын найман цагт ажиллах ажил үүргийн хуваарь нь бүр мөсөн алдагдаж, 12,13 цагийг бүтэн ажил дээрээ өнгөрүүлж байгаа тохиолдол ч байна.
“Бусад сургуулиуд 8 цагаас ордог бол манай сургууль 1-р ээлж 7:15-аас эхэлж, 3-р ээлж 3:30-аас ордог”
“Өглөө 8 цагт ирээд орой хүүхдүүдээ тараагаад орой 21 цагт гэртээ харьдаг. Нийтдээ 13 цаг ажиллаж байгаа ч илүү цагийн цалин өгдөггүй. “
Боловсролын тэгш хүртээмжийн асуудалд багшийн үүрэг оролцоо нэн чухал үүрэгтэй. Энэ оны байдлаар монголд 4200 гаруй багшийн хомсдолтой байгааг холбогдох эх сурвалжаас гаргасан. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан судалгаагаар бага ангийн болон англи хэл, математикийн багш нар нэлээд дутагдалтай байгаа. Багшийн хүрэлцээ хангамжийг сайжруулснаар сурагчдын сурлагын чанарт чухал нөлөө үзүүлэх юм. Тиймээс багш нарын илүү цагийн цалинг хангалттай бодож, сэтгэл хангалуун ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь зөв юм.
Хоёр ээлжээр хичээллэж буй Индра / Гурван ээлжээр хичээллэж буй Билгээ
Гурван ээлжийн хичээлийн цагийн хуваарилалт нь тухайн сурагчдын хэрэгцээг хангахгүй, харин тэдний сурах үйл явцыг улам хүндрүүлж байна. Тухайлбал, Индра охины хувьд биеийн болон оюун санааны хүлээн авах боломжтой үед хичээл нь орсноор авах ёстой мэдлэг чадамжаа бүрэн авч чадах юм. Нөгөө талд Билгээ хүү орой хичээл нь орсноор ядарсан, анхаарал төвлөрөх чадвар нь буурсан нөхцөлд суралцаж байна. Ингэж хуваарилсан хичээлийн цаг нь хүүхдийн биологийн онцлогт нийцэхгүй, тэдний эрүүл мэнд, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, сурах үйл явцыг бууруулах эрсдэлтэй .
Гэртээ харих зам хамгийн зөв. Гэхдээ харих зам нь хэтэрхий зөрүүтэй. Индра охин хичээлээ тараад сэтгэл тайван гэртээ очиж, дараа дараагийн өөрийгөө хөгжүүлэх дугуйлан секцэд хамрагдаж байна. Гэвч Билгээ хүүгийн хувьд гэр нь сургуулиас 15км зайд байрлалтай. Гуравдугаар ээлжийн сурагчдад сургуулийн автобус хүрэлцдэггүй. Тиймээс сургуульдаа ганцаараа автобусанд сууж ирнэ. Хааяа автобус хүлээж багагүй зогсох шаардлагатай болдог. Түүний ээж төрөөд удаагүй учраас оройд түүнийг аав нь ажлаа тараад яарч сандран ирж авна. Аав нь ажил ихтэй ирж авч чадахгүй тохиолдол цөөнгүй гардаг. Тэр үед гэртээ ойрхон ангийнхаа найзын ээжтэй хамт харьдаг байна.
Хүүхдүүдээ ирж авч буй эцэг эх нар гурван ээлжээр хичээллэх нь тэднийг нэлээдгүй ядрааж, унтах цаг нь хойшилдог талаар зовнингуй ярьсан юм.
Нийслэлийн хэмжээнд улсын 165 сургууль сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс ганц ч сургууль анх баригдсан стандарт хэмжээнээсээ доод тал нь хоёр дахин их хүүхэд суралцуулдаг. Тиймээс зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүйн тулд түрээсийн байрыг сонгохоос өөр замгүй. Гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд 20 гаруй сургууль 31 байршилд түрээсийн байранд сургалтын үйл ажиллаагааг явуулж байна. 2022 оноос эхлэн сургуулиуд түрээсийн байранд хичээллэж эхэлсэн, удахгүй гурав дахь жил рүү орох төлөвтэй. Энэ тоо ирэх жил нэмэгдэх магадлалтай гэдгийг нийслэлийн боловсролын газраас хэлж байлаа.
Хэдийгээр хоёр ээлжээр хичээллүүлж байгаа ч түрээсийн байр стандарт сургуулийг орлож чадахгүй нь ойлгомжтой. Тухайлбал 115 дугаар сургуулийн тухайд орон сууцны зориулалттай байранд сургалтын үйл ажиллагааг явуулж, анги дотроо ариун цэврийн өрөөтэй нь хүүхдийн үндсэн эрхийг хамгийн ноцтойгоор зөрчиж байгаа том жишээ юм.
Хэдий болтол түрээсийн байранд толгой хорогдуулах вэ?
Сургууль бол хоёр дахь гэр гэж бид ярьдаг ч стандарт бус орчинд хүүхэд сурах эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Жишээлбэл агаар сэлгэлт хийдэггүй, анги танхим хүрэлцдэггүй, стандартын шаардлага хангалтгүй байна гэж МУИС-ийн Боловсрол Судлалын тэнхимийн ахлах багш Б.Болдсүрэн ярьсан юм.
“Агуулга эзэмшилт, сургалт л гээд байгаа боловч үүний цаана хүүхэд сургууль дээрээ юм сурахаас гадна амьдрах эрхтэй гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй. Хүүхэд сургууль дээр ирээд сургуулийнхаа нэг хэсэг болоод амьдрал нь таатай, аз жаргалтайгаар үргэлжилж байх ёстой шүү дээ. Энэ нь бас алдагдаж, тодорхой хэмжээнд асуудал үүсгэж байгаа. Хүүхэд оройтож ирнэ, яаруу сандруу ирнэ, урьд нь хичээл ороод цэвэрлэгээ орж амжсан юм уу?, үгүй юм уу?, агаар сэлгэлт хийж чадсан юм уу? Тэгээд хичээл нь оройтож тараад хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжилд асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Ийм хүнд л асуудал л даа. Тэгээд яах вэ сургуулиудыг өргөтгөх болон шинэ сургуулиудыг нэмж барих замаар энэ асуудлыг шийдэх гээд хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа боловч хангалтгүй байна аа л гэж харж байна. Ер нь бол үүнээс илүү хүчин чармайлт гаргах ёстой”.
“Ирээдүйд гарах хор уршиг нь сурлага хүмүүжлийн хувьд хоцрогдсон хэсэг бүлэг хүүхдүүд гарахаар байна”
“Class start time судалгаагаар сурлагын амжилтанд нөлөөлөх цаг бол 11 цаг”
Эмх цэгцтэй, зөв зохион байгуулалттай, тав тухтай, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь хүүхдийн сурлагад хамгийн чухал юм. Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Гэхдээ түрээсийн байранд, харуй бүрийд 3 ээлжээр хичээллэх нэрээр боловсрол олгох гэж “гурилддаг” байдал хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй хэвээр. Хүүхдийн боловсролын чанар, орчны зохион байгуулалт нь зөвхөн тухайн хүүхдийн суралцах эрхийг хамгаалах бус, тэдний ирээдүйд амьдрах, ажиллах, нийгэмд оролцох чадварыг ч тодорхойлдог. Энэ нөхцөл байдал үргэлжилсээр байвал хэсэг бүлэг боловсрол муутай залуус бус бүх л бүтэн боловсролгүй үе гарч ирэх аюултай байна. Энэ нь зөвхөн эдийн засаг төдийгүй бусад салбарт ч аюул учруулах эрсдэлтэй.
Боловсролын хаалга нээлттэй байгаа ч хүүхэд бүр ялгаатайгаар хүртсээр байх уу?