Хөвсгөл аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
2024 оны хамгийн хүчтэй газар хөдлөлт Хөвсгөл аймагт бүртгэгдлээ. Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт өнөөдөр өглөөний /2024.11.28/ 04:34 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Одоо ч энэ газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсээр аж.
Газар хөдлөлтийн голомт 10 километрийн гүнд байсан бөгөөд одоогоор хохирол учирсан гэх мэдээлэл тэмдэглэгдээгүй байна. Тус аймгийн Ханх суманд арваннэгдүгээр сарын 20-нд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.
Монгол орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн 10 жилд болсон 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.