АвтоТехнологи

“Xiaomi”-ийн цахилгаан автомашины бизнес амжилттай байснаар, орлого нь 31 хувь өслөө

“Xiaomi” компанийн ухаалаг гар утасны нийлүүлэлт III улиралд 3.3 хувиар өсжээ.

“Xiaomi” компанийн борлуулалтын орлого III улиралд өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсөж, 12.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Цахилгаан автомашины бизнес нь амжилттай байсан нь үүнд голлон нөлөөлжээ. Түүнчлэн тайлант хугацаанд цэвэр ашиг нь 5.35 тэрбум юань болсон байна.

Тус компани гуравдугаар сараас энэхүү зах зээлд нэвтэрсэн хэдий ч борлуулалтын орлогынх нь 10 гаруй хувь буюу 9.5 тэрбум юанийг бүрдүүлсэн аж.

“Xiaomi” анхны цахилгаан автомашин болох “SU7” седан загвараасаа энэ онд 130 мянгыг  нийлүүлэхээр төлөвлөжээ.  

Мөн 2025 оны эхээр “Tesla”-ийн “Model Y” загвартай төстэй спорт автомашин үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Тайлант хугацаанд “Xiaomi”-ийн ухаалаг гар утасны нийлүүлэлт 3.3 хувиар өссөнөөр тухайн салбартаа эхний гуравт бичигддэг байр сууриа хадгалсан хэвээр байгаа аж. Хэдий тийм боловч өрсөлдөгч “Apple”-ийн 3.5 хувийн өсөлттэй харьцуулахад бага зэрэг доогуур үзүүлэлт юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button