УДЭТ шинэ жилээр хайрыг дуулна
Шинэ жилийн уур амьсгал хэдийн ороод эхэлжээ. Энэ шинэ жилээр УДЭТ хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барих аж. Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, инээдмийн жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар 11-р сарын 29-с УДЭТ-ын тайзнаа тоглогдохоор болжээ.
Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигдсан байна.
Найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг 2014 онд найруулан тавьж байсан. Харин энэ удаа УДЭТ-ын олон бүтээлийн хөдөлгөөний найруулагчаар ажилласан, найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ?” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Найруулагч Г.Ган-Очир, “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” хэмээсэн юм.