Бизнес

ДНБ оны эхний 9 сард ₮56.2 их наяд болж, 5 хувиар өсөв

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн III улирлын эцсийн байдлаар үйлдвэрлэлийн аргаар тооцсон дүн 56.2 их наяд төгрөг давж, таван хувиар өссөн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нийт дүнгээрээ өсөж байгаа ч өсөлтийн хурд нь саарлаа. Тухайлбал: өмнөх улирлын өсөлтөөс 0.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар доогуур үзүүлэлт болж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн таван хувиар өсөхөд хамгийн өндөр буюу 4.6 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар, 1.4 нэгж хувийг уул уурхай олборлолтын салбар бүрдүүлжээ. Харин хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтөд 3.5 нэгж хувиар доош татсан байна.

Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар 8.1 сая толгой мал зүй бусаар хорогдсон юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгааг Сангийн яам мэдээлж байв.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжиж буй уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг эхний есөн сард 11.4 хувиар өссөн бол үйлчилгээний салбарынх 9.6 хувиар өссөн байна. 2024 оны эцэст эдийн засаг 5.6 хувиар өсөх хүлээлттэй байгааг Сангийн яам мэдээлсэн юм.

Уул уурхайн салбарын өсөлтийг дагаад ачаа тээврийн салбар өсөх хандлагатай байна. Мөн жуулчдыг татах арга хэмжээнүүд нь аялал жуулчлал болон үйлчилгээний салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд дотоодын нийт бүтээгдэхүүн найман хувиар өсөх тооцоолол гаргасан бол 2026-2027 онд 6.5 орчим хувиар өснө гэсэн төсөөллийг Сангийн яам танилцууллаа.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button