Ам.долларын ханш VII сараас хойших дээд түвшинд хүрлээ
Ам.долларын ханш долоодугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн чухал мужуудын урьдчилсан дүнд Дональд Трамп ялснаар арилжаанд оролцогчид зах зээлд идэвхтэй арилжаа хийж байгаа нь ам.долларын өсөлтөд нөлөөллөө. Тухайлбал: “Bloomberg Dollar Spot Index” 0.9 хувиар өсөөд байна.
Ам.долларын албан ханш голлох валютуудын эсрэг чангарсан бол евро, иен, австрали доллар тус тус ам.долларын эсрэг нэг хувь давж суларлаа.
Үүнээс гадна АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 18 суурь нэгжээр дээшилж, 4.46 хувьд хүрч өссөнөөр сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрчээ.
Ам.долларын ханш болон АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж арилжааны нэг өдөрт 2020 оны гуравдугаар сараас хойших огцом өсөлт үзүүлж буйг онцолж болохоор байгаа юм.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгын дүнгээр Дональд Трамп илүүрхэж буй энэ үед иений ам.доллартой харьцах ханш 1.1 хувиар суларч, 153.22 ам.доллар болоод байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал иений ханшийн уналт үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна. Түүний танилцуулж буй эдийн засгийн бодлого нь зардлыг тэлэх, инфляцыг эрчимжүүлэх төлөвтэй байгаа юм. Ингэснээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах магадлал эрс багасаж ирэхээр байгаа аж. Харин Камала Харрис ялбал иений ханш эргэн тогтворжих төлөвтэй байна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia