Урлаг

Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээлүүд

Монгол Улсын Засгийн Газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу 2024 онд улсын санд худалдан авах шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө.

2024 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 118 уран бүтээлчийн 149 бүтээл ирснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь улсын санд худалдан авах шилдэг бүтээлийг 2 үе шаттайгаар шалгаруулсан юм. Эхний шалгаруулалтад тэнцсэн 58 шилдэг бүтээлээр “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнг зохион байгуулж үзэгчдэд толилуулж, хоёрдугаар шатны шалгаруулалтаар улсын санд худалдан авах 3 шилдэг бүтээлийг шалгаруулан олон нийтэд танилцууллаа.

Орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлэх “Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээл”-ээр

1. Уран бүтээлч Д.Дорждэрэм “Орон зай-д” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээл

2. Зураач Г.Төмөр “Ханбаянзүрх хайрхан” 2023 он, уран зураг

3. Уран бүтээлч Э.Жанцанхорол “Хадгалагдсан зовинол” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээл тус тус шалгарлаа.

Монголын уран зургийн галерей нь “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээг өргөтгөх, үзэсгэлэнгийн нэр хүндийг дээшлүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн таашаал хүртсэн 1 бүтээлд “Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал”-ыг гардуулж ирсэн. Энэхүү нэр хүндтэй шагналыг залуу уран бүтээлч Г.Мөнхболор “Зүүдний хүрд” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээлээр хүртэж Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд бие даасан үзэсгэлэн гаргах эрх, хүрэл цомын эзнээр тодорсон юм. Уг хүрэл цомыг уран бүтээлч хүний харааны ур, гарын ур, оюуны урыг бэлгэдэн уран барималч Б.Ганбаатар урласан юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button