Технологи

NASA-гийн хөлөг Бархасбадь гарагийн дагуул Европа дээр амьдрал байх боломжтой эсэхийг шалгахaap хөөрлөө

Бархасбадь гарагийн дагуул Европа дээр амьд ертөнц орших нөхцөл бүрдсэн эсэхийг шалгах зорилготой NASA-гийн хөлөг өчигдөр Флоридагаас хөөрчээ.

Europa Clipper нэртэй уг хөлгийг Флорида мужийн Канавералын хошуунд оршдог Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс SpaceX компанийн Falcon Heavy пуужинд тээвэрлэн хөөргөсөн байна.

Нарны эрчим хүчээр ажилладаг, робот удирдлагатай хөлөг 2.9 тэрбум километр зайг таван жил, хагасын хугацаанд туулсны эцэст 2030 онд Бархасбадийн тойрог замд хүрэх юм.

Хөлгийг хөөргөх хугацаа Милтон хар салхины улмаас долоо хоног хойшилжээ.

Урт нь 30.5 метр, антен, нарны эрчим хүчний хавтангуудаа дэлгэвэл өргөн нь 18 метр хүрэх энэ хөлөг 6,000 кг жинтэй юм.

Сагсан бөмбөгийн талбайгаас том хэмжээтэй Europa Clipper хөлөг гараг хоорондын аялалд илгээсэн NASA-гийн хамгийн том хэмжээтэй хөлөгт тооцогдож байна.

Бархасбадь гараг албан ёсоор бүртгэгдсэн 95 дагуултай бөгөөд Европа нь тэдгээрийн дөрөв дэх том дагуул юм.

Диаметр нь манай дэлхийнхээс дөрөв дахин бага боловч гадаргууг нь бүрхсэн ус манай гарагийн далайн усны хэмжээнээс хоёр дахин их.

Европа дагуулыг хучсан 16-24 км зузаан мөсөн бүрхүүлийн дор 60-160 км гүн далай байгаа гэж судлаачид үздэг.

Далайн ус бол амьдралыг тэтгэх хамгийн таатай орчин юм. Тиймээс Европагийн мөсөн бүрхүүл дор амьд организм байх магадлалтай гэж үзэж байна.

Ням гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр NASA-гийн дэд администратор Жим Фри хэлэхдээ хэдийгээр Европа нь нарны аймгийн биетүүд дотроос амьдрал үүсэхэд хамгийн тохиромжтой орчин мөн боловч энэ удаагийн судалгаагаар ямар нэг амьд биет хайх зорилгогүйг мэдэгджээ.

“Европагаас бидний олж мэдсэн зүйл астробиологийн судалгаанд гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно. Мөн орчлон ертөнц дэх байр сууриа ойлгоход маань туслах юм” гэж тэр хэлсэн байна.

“Европагийн мөсөн гадаргуу дор амьдрал үүсэх таатай нөхцөл бүрдсэн гэж эрдэмтэд үздэг. Энэ нөхцөл нь ус, эрчим хүч, хими, тогтвортой байдал юм” гэж NASA-гийн шинжлэх ухааны салбарын дэд администратор Сандра Коннели тайлбарлажээ.

Europa Clipper хөлгийн үүрэг нь Европа дагуулын мөсөн гадаргуу болон түүний доор орших далайг хэмжих, гадаргуугийн бүтцийг тодорхойлох, мөсөн хучлагын завсраар гарч байж болзошгүй усны уурын эх үүсвэрийг хайх юм байна.

Тус хөлөг 2031 онд үүрэгт ажилдаа орж, гурван жилийн хугацаанд Европагийн гадаргууд 49 удаа ойртохоор төлөвлөжээ.

Хамгийн их ойртох зай нь 25 км юм байна.

Нарны аймгийн хамгийн том гараг Бархасбадийн соронзон орны хүч манай дэлхийнхээс 20,000 орчим дахин их байдаг.

Тиймээс үүний үүсгэдэг цацрагийн хэмжээ нь сансрын хөлөгт аюул учруулахуйц хэмжээтэй юм.

Europa Clippers хөлөг ийм нөлөөнөөс тоног төхөөрөмжүүдээ хамгаалах тусгай бүрхүүлтэй бүтээгджээ.

Хөлгийн Бархасбадь гарагт хүрэх зам нэлээд тойруу байх гэнэ. Тухайлбал эхлээд Ангараг гарагийн дэргэдүүр ниссэний дараа буцаж дэлхийд ойртох ажээ.

Ингэснээр хоёр гарагийн татах хүчийг ашиглан аяллын дараагийн шатныхаа хурдыг олж авах юм байна.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээнүүд

Back to top button