10-р сар: Онцлох үзэсгэлэнгүүд
Намрын налгар өдрүүдийг урлаг, уран сайхангүйгээр хэрхэн төсөөлж болох билээ. Энэ 10-р сарын эхний хагаст та бүхний мэлмийг баясгахаар олноо дэлгэгдэж буй үзэсгэлэнгүүдийг хүргэж байна.
1. Бидний ертөнц
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нарын “БИДНИЙ ЕРТӨНЦ” уран бүтээлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна. Тус хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүдийн онцлог нь тэдний урлагтай танилцаж эхэлсэн хүүхэд ахуйгаас өнөөг хүртэлх цаг хугацаанд дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээсэн гайхамшигт уран бүтээлүүдийг нь харж болох ба үзэгч олны мэлмийг баясгах увдист үзэсгэлэн билээ.
Хугацаа: 2024.10.01-10.10
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд
2. Б.Нацагдорж зураачийн мэндэлсний 80 жилийн ойн үзэсгэлэ
Монголын уран зургийн галерейд 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Балгансүрэнгийн НАЦАГДОРЖ зураачийн мэндэлсний 80 жилийн ойн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Уг үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг, хувь хүмүүсийн цуглуулга бүхий нийт 60 гаруй уран зураг, усан будгийн ажлууд дэлгэгдсэн юм.
Хугацаа: 2024.09.29-10.09
Хаана: Монголын уран зургийн галерей
3. “ЭРТНИЙ САЙХАН” ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн
Жил бүр Монголын Урчуудын Эвлэлээс (МУЭ) Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Эртний сайхан” уламжлалт, ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд нээлтээ хийлээ.
10 дахь жилдээ дэлгэгдэж буй тус үзэсгэлэн нь жил бүр өөр өөр сэдэв дор зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн үзэсгэлэн 1956-1990 хүртэл МУЭ-ийн даргаар 33 жил ажилласан Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэм-ийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан гарч байна.
Тус үзэсгэлэнд нийт 40 ахмад уран бүтээлчдийн Н.Цүлтэм гуайтай хамт ажиллаж байх үеийн 50 гаран бүтээлүүд, 40 гаруй гэрэл зураг болон Н.Цүлтэм гуайн тухай нийтлэгдэж байсан ном, сонин, сэтгүүл зэрэг багтсан байна.
Хугацаа: 2024.10.01-10.07
Хаана: Монголын Урчуудын Эвлэлийн арт галерей
4. Харандааны Хаан
Зурааг Б.Бүжүүлэн буюу “харандааны Гүнж” хэмээн нэрлэгдсэн зураачийн шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэн нь урлагийн гэр бүлд өссөн хэдий ч тухайн үеийн сонголтоос арай өөр замнасан нэгэн бүсгүй харь газар байгалийн сайхан, цэцэгсийн үзэмж дунд эх орноосоо хол сууж байх дор дотно бүхнээ санах сэтгэлдээ сэдээгдэж хөглөгдөн авьяас чадвараа сэрээж нээсэн гайхалтай түүхийг өгүүлсэн энэ үзэсгэлэн юм. Магадгүй таны ч бас өөрөө өөрийгөө хайсан урт холын эрэл хайгуулд тань гэрэл гэгээ, зууч хөтөч болох сайхан нөлөөлөл агуулсан үзэсгэлэн ажээ.
Хугацаа: 2024.10.02-10.09
Хаана: СТӨ-ний зүүн жигүүрт байрлах Уран Зургийн Галерей
5. Намар
МУЭ-ийн уламжлалт “НАМАР”-2024 гишүүн уран бүтээлчдийн үзэсгэлэн нээх гэж байна.
Хугацаа: 2024.10.03-10.09