Бизнес

Крипто валютын үнэлгээ өсч эхэллээ

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн зохицуулагч Үнэт цаас, арилжааны хорооноос нэгдүгээр сарын 10-ны өдөр анхны “spot bitcoin ETF” санд зах зээлд гарах зөвшөөрөл олгосон. Зөвшөөрөл олгогдсоноор хөрөнгө оруулагчдын тоо өсч,  улмаар “биткойн”-ы биржээр арилжаалагдах есөн сан шинээр бүртгүүлж, нийт есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан. Улмаар сүүлийн жилүүдэд уналттай байсан дэлхийн хамгийн том крипто валют болох биткойны ханш 2021 оноос хойш анх удаа 50.000 ам.долларын босгыг давсан үзүүлэлтийг үзүүлж байна. Харин 2021 оны 11 дүгээр сард 69 мянган ам.долларт дөхсөн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болон тэмдэглэгдсэн юм. Хэдийгээр тэдний ханш 2022 онд 64 хувийн уналтыг үзүүлсэн ч өнгөрсөн онд гурав дахин өссөн үзүүлэлтийг үзүүлсэн. Харин энэ он гарснаас хойш тэд 16 орчим хувийн өсөлтийг үзүүлээд байна.  

ДӨРӨВДҮГЭЭР САРД БИТКОЙНЫ ЗАХ ЗЭЭЛД “HALVING” ЯВАГДАХ МАГАДЛАЛТАЙ.

Биткойны ханшийн өсөлтөд олборлолтын хэмжээг бууруулдаг “halving” гэх техникийн үйл явц ихээр нөлөөлдөг. Дөрөв дэх удаагийн энэ үйл явц ирэх дөрөвдүгээр сард тохиох магадлалтай хэмээн судлаачид үзсэн бөгөөд хамгийн сүүлд 2020 онд уг үйл явдал явагдаж байсан. Тэдний олборлогдох боломжит хэмжээ 21 сая бол одоогийн байдлаар 19 сая ширхэг нь олборлогдоод байна. Ээлжит “halving” явагдсаны дараагаар биткойн нэмж олборлоход илүү бэрхшээлтэй болдог.

Үүнээс гадна крипто арилжааны төв Coinbase-ийн хувьцаа 4.9 хувийн өсөлт үзүүлсэн бол крипто олборлогч Marathon Digital-ийн хувьцаа 11.9 хувь, Riot platforms 10.8 хувийн өсөлт үзүүллээ. Тэдний энэхүү өсөлтийг зах зээлд шинээр нэвтрээд буй ETF сангуудын эрэлттэй холбоотой хэмээн судлаачид үзэж байна. Энэ удаагийн эрэлтээс үүдэлтэй өсөлт нь 10 тэрбум ам.долларын босгыг давна хэмээн Bernstein компаний шинжээчид тооцооллоо. 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээнүүд

Back to top button