Менежерүүд болон бизнесийн мэргэжилтнүүд үр бүтээлтэй байх ажлын орчинг бүрдүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэгсэл ашигладаг. Тэгвэл та тэдгээр аргуудаас туршиж үзэхээсээ өмнө компанийнхаа үнэт зүйл болон хүлээлт чухам юу вэ гэдгийг тодорхой болгохын тулд бизнесийнхээ үндсэн зарчмыг гаргах хэрэгтэй. Тиймээс энэхүү нийтлэл танд өөрийн бизнесийн чиг зарчмыг тодорхойлохын тулд бодож үзэх хэрэгтэй 10 үндсэн зарчмын ашиг тусын талаарх ойлголтыг өгөх юм.
1. Салбар болон өрсөлдөгчөө мэдэх
Салбарын мэдлэг нь бизнесийн манлайллын чухал үзүүлэлтийн нэг бөгөөд таны бизнесийн үйл ажиллагаа, стратегийн түвшинд нөлөөлөх хүчин зүйл. Хэрэглэгчид юу хүлээж, юунд санаа зовдог талаар ойлголтоо сайжруулахын тулд ажиллаж буй зах зээлээ судлах эсвэл салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах талаар бодож үзээрэй. Нэмж дурдахад, өрсөлдөгчдийнхөө үнэ, чанар, маркетингийн стратегийг судлах нь үйлчлүүлэгчдэд хангалттай үнэтэй бүтээгдэхүүнийг санал болгоход тусална. Ингэж чадсанаар та ижил төстэй бизнесүүд дундаас ялгарч, хэрэглэгчийг өвөрмөц байдлаар өөртөө татах боломжийг нээнэ.
2. Мэргэшсэн хамт олныг бүрдүүлэх
Уг зарчим нь дан ганц таны сонгосон салбар гэлтгүй өөр олон ажлын орчинд үр дүнгээ үзүүлнэ. Урам зоригтой, сайн бэлтгэгдсэн багийн гишүүдтэй байх нь таны бизнес төлөвлөлт болон үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шууд нөлөөлнө.
Хариуцсан ажилдаа мэргэшсэн хамт олон гэдэг шинэлэг санаа эсвэл салбартай нь холбогдох мэдээ, мэдээллийг цаг алдалгүй олж улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хүргэлтийг тасралтгүй сайжруулж чадна.
Тиймээс та багтаа элсүүлэх гэж буй хүмүүсийнхээ ур чадвар, ололт амжилтыг таньж мэдэх нь цаашид тэднийг үргэлжлүүлэн ажиллахад нь урамшуулж мөн хамгийн сайнаараа ажиллахад нь нөлөөлж байх гол нөхцөл юм.
3. Чанартай бүтээгдэхүүн бүтээх
Энэ үзүүлэлт нь танай компанийг өрсөлдөгчдөөсөө ялгарч, үйлчлүүлэгчдийг өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнч хэрэглэгч байлгах үндэс юм. Амжилтанд хүрсэн компаниуд ихэвчлэн хэрэглэгчийн сонголт, хүсэлд нийцсэн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг.
Учир нь бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарлаа төвлөрүүлэх нь хэрэглэгч болон бүтээгдэхүүний хооронд эерэг, тогтвортой харилцааг бий болгохын зэрэгцээ тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлж байдаг. Мөн дээр нь та үйлчлүүлэгчдийнхээ сонирхол болон өөрийн брэндийг цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар мэдлэгээ ч нэмнэ.
4. Зорилгоо тодорхойл
Та өөрийн бизнесийн зорилго, зорилтыг тодорхой болгох нь сууриа зөв тавихын үндэс байдаг. Зорилгоо мэдсэн хүн өөрийн бизнес үйл ажиллагааг цаашид ямар замаар, хэрхэн хөгжүүлэх боломжтойг тодорхойлох гол чиг шугам нь болдог. Ингэснээр та үйл ажиллагааныхаа ахиц, амжилтыг хянахын сацуу ажилчдынхаа хичээл зүтгэлийг бодит үнэнд ойр шагнан урамшуулах боломжтой болох юм. Магадгүй та бизнесээ эсвэл хэрэглэгчийн хүрээгээ нэмэхээр шийдсэн бол ойрын зорилго буюу зорилтуудын жагсаалт гаргах хэрэгтэй байх. Мөн гаргасан зорилт бүрдээ хэрхэн хүрэх төлөвлөгөө, үйл явцын тоймыг гаргаад эцэслэн батлахаасаа өмнө багийн гишүүдтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
5. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах
Чадварлаг борлуулалт, сурталчилгааны арга техник гэдэг бол хэзээд таны орлого, ашгийг дээшлүүлж, компанийн амжилтад хувь нэмрээ оруулж байх хүч. Үр дүнтэй, тогтвортой арга барилтай байхын тулд та борлуулалт болон маркетингийн төлөвлөгөө гаргах талаар бодож үзээрэй.
Ажилтнууд таны боловсруулсан борлуулалтын төлөвлөгөөг ашиглан тодорхой бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд сурталчилж, боломжит ашгийг олох юм. Нэг үгээр нарийвчилсан төлөвлөгөө танай салбар брэндийн мэдлэгийг бүхэлд нь нэмэгдүүлнэ.
6. Байгууллагынхаа бүтцийг тогтоох
Амжилттай бизнес эрхлэгчид өөрсдийн компанийг хэрхэн зохион байгуулж, удирдаж буйгаа ойлгож байдаг учир ижил төстэй стратегийн эсрэг хэрхэн хөдлөх арга замаа олж чаддаг.
Үүнд тухайн бизнесийн төслийн удирдлага, ажил үүргийн хуваарилалт, хэлтэс доторх боловсон хүчин, ажилтны бүрэлдэхүүн гээд бүтцийн олон тал хараамна. Бизнесийн үр дүнтэй бүтцийг боловсруулах нь танай компанийг аль болох үр бүтээлтэй, үр ашигтай байлгах хандлагатай болгодог.
7. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчмыг мэддэг байх
Компанийн бүтцээс гадна та гадна санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой гол мэдээллийг ойлгодог байх нь бизнесийн үндсэн зарчмуудын нэг. Энэ нь танай байгууллага тухайн салбарынхаа хууль тогтоомжийг тогтмол алдаагүй дагаж мөрдөхөд зайлшгүй шаардлагатай. Учир нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээлэлд бөглөх татварын дүн тооцоо, өргөдөл гаргах зөвшөөрөл, биелүүлэх эцсийн хугацаа зэрэгт нэн түрүүнд шаардагдах мэдлэг болохоор тэр.
8. Ажил явагдах тогтолцоо, үйл явцыг мэддэг байх
Хэрэв та бизнесээ өргөжүүлье гэж байгаа л бол үйл ажиллагааны тогтолцоо болон үйл явцад хяналт тавьдаг байх хэрэгтэй. Энэ нь магадгүй бизнесийн хамгийн гол зарчим байж ч мэдэх юм. Тиймээс та үйл ажиллагааны дараах зарчмуудыг нэг авч үзвэл бизнест тань тун хэрэгтэй болов уу. Үүнд:
- Хэрэглэгчээ хөтлөн дагуулах
- Багийнхантайгаа болон үйлчлүүлэгчидтэйгээ харилцах
- Борлуулалт, маркетингийн арга барилаа хянах
- Компанийнхаа талаар мэдээллийн тархалтыг хянах
- Борлуулалт, орлогоо хянах
9. Хөрөнгийг стратегийн түвшинд ашиглах
Орлогын стратегийн хэрэглээ нь таны бизнесийн амжилтын салшгүй хэсэг. Бүх ажилчдаа цалинжуулж, гарч болзошгүй нэмэлт зардалд хангалттай мөнгө хуваарилах нь танд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж улмаар бизнесээ өргөжүүлэх тусам зарлага, орлогын өөрчлөлтийг цаг тухайд нь зөв зохицуулах суурийг бий болгоно.
10. Хэрэглэгчээ эхэнд тавь
Үйлчлүүлэгчдээ эрхэмлэж, тэдний сонирхол, хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнээр хангадаг байх нь эцсийн дүндээ танд ашигтай. Та тэдний асуулт болон асуудалд санаа тавьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд тэдэнд зориулан гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хэлбэр, чанарт анхаарах хэрэгтэй.
Шинэ үйлчлүүлэгч хэрэгтэй гээд шинэ бүтээгдэхүүн туршихын оронд байнгын үйлчлүүлэгчиддээ нэгэнт авч дадсан бүтээгдэхүүн буюу одоо байгаа бараагаа борлуулах нь эрсдэлгүй. Мэдээж тэдэнтэй эерэг харилцаатай байх нь танайд ашигтай бөгөөд тэд ч таны бараа, үйлчилгээг үргэлжлүүлэн худалдан авах эсвэл хэрэглэсээр байх болно.
Эх сурвалж: 10 Fundamental Business Principles