Сайжруулсан түлшний чанар муудсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан шахмал түлшний орц, найрлага, барьцалдуулагч бодистой холбоотой мэдээллийг “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд өглөө.
“Тавантолгой түлш” компаниас намайг шахмал түлшний талаар худал мэдээлэл тараасан, илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр удаа дараа цацаж, манай компанийн 3000 ажилтны хөдөлмөрийг үгүйсгэж байгаа гэж мэдэгдсэн.
Манай “Баялаг эрдэнэ цом” ХХК 2008 онд байгуулагдаж, 2010 оноос шахмал түлш үйлдвэрлэх талаар судалгаа явуулж, үе үеийн Засгийн газрын үед тендерт оролцож, сайн муу зүйл хийж, хүндрэл бэрхшээлийг туулсан. 2017 оны тендерт ганцаараа орж шалгарч анхны шахмал түлшийг нийслэлд нийлүүлж байсан.
Бид хагас коксжсон шахмал түлш нийлүүлж байсан. Бидний хийсэн судалгаа, түлшний материалд тулгуурлан төр “Тавантолгой түлш” компанийг байгуулсан. Тухайн үеийн шахмал түлшний чанар муудсан нь үнэн.
Шахмал түлш бол их эвгүй эд. Дэлхий дээр хатуу, шингэн гэсэн хоёр янзын түлш байдгаас манай түлш бол хатуу түлш. Хатуу түлшнээс шаталтын процессоор дулаан гаргаж авдаг.
Шахмал түлшний хамгийн оновчтой хэмжээ бол зузаан нь хоёр сантиметр. Зузаан нимгэнийг стандартын дагуу байлгах асуудлыг хатуу мөрдөх шаардлагатай ч “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй түлш хэт зузаан байна. Нуулгүй хэлэхэд үйлдвэр, технологийн маш их алдаатай болсон.
Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайд 2019 онд барьцалдуулах материалын үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан. Үйлдвэр одоо улаан буудайгаар цавуугаа хийж зөвхөн аймгийнхаа хэрэгцээний шахмал түлшээ үйлдвэрлэж байна. Тэр үйлдвэрээс гарсан сайжруулсан шахмал түлшинд угаартсан, хүн хордсон тохиолдол Өвөрхангай аймагт гараагүй.
Тэрээр “Сайжруулсан шахмал түлш 2021 оноос өмнө сайхан түлштэй байсан бол үүнээс хойш эрс муудсан” хэмээн ярьсан юм.
Энэ мэдэгдлийнхээ дараа тэрээр сэтүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
Сэтгүүлч: 2021 оноос хойш сайжруулсан шахмал түлшний найрлага өөр болсон гэж та хэллээ. Чухам юу нь өөр болсон юм бэ?
Л.Ганзориг: Шахмал түлш бол даралтаас үүсдэг. Хэвлэх, дарах гэсэн хоёр ажиллагааны өмнө холих шаардлагатай. Нунтаг болгох нь шахмал түлшний бат бэх чанарт шууд нөлөөлнө. Хэрэв муу нунтагласан нүүрсээр шахмал хийвэл удалгүй үйрч унана.
Гэхдээ одоо хэрэглэж буй шахмал түлшний гол асуудал бол түлш маш их зузаан байна. Үйлдвэрлэх явцад хоггүй байлгахын тулд өндөр даралтаар хүчтэй шахаж байж нягтаршил ихтэй үйлдвэрлэгдэж, дотор хэсэг нь шаталгүй уугиснаар угаарын хийн хуяг үүсгэдэг учиртай.
Өмнөх технологийн хувьд дандаа цардуулан суурьтай цавуу хэрэглэдэг байсан юм. Гэхдээ дэлхийн бусад улс орон аюултай учир химийн аргаар гаргаж авсан цардуулыг хэрэглэддэггүй. Тэд наалдамхай цардуулыг эрдэнэ шиш, цагаан төмс зэрэг ургамлаас гарган авч ашигладаг.
Сэтгүүлч: Тэгвэл барьцалдууулагч матрериалыг юугаар хийхэд тохиромжтой вэ?
Л.Ганзориг: Монгол Улсын хувьд эрдэнэ шиш, цагаан төмсөөс цардуул гаргах боломжгүй. Эцсийн бүлэгт улаан буудайгаас цардуул гаргаж авах тухай судалгаа, тайлангаа “Тавантолгой түлш” компанид өгсөн.
Шахмал түлшний барьцалдуулах материалын үйлдвэр барих зорилгоор төрөөс тогтоол шийдвэр гарч 10 га газар олгосон. Өнөөдрийн тухайд барьцалдуулах материалыг “Тавантолгой түлш” компанид нийлүүлэх сонирхол надад байхгүй.
Энэ маш их нарийн учиртай. Нөгөө муу юмтайгаа хольсон түлш, улаан буудайгаар барьцалдуулсан түлшийг хүмүүс ялгаж чадахгүй. Түүнчлэн миний хувьд хагас коксыг 100 хувь дэмждэг.
Жилд 40 гаруй тэрбум төгрөгийг барьцалдуулагч материал авахын тулд гадагш нь өгч байна. Өмнө нь эх орондоо үйлдвэрлэсэн барьцалдуулагч материалыг тус компаниад нийлүүлэх сонирхол байсан. Харин өнөөдрийн тухайд ямар ч сонирхол алга. Гэхдээ Хятад улсаас айлын зууханд түлэх хагас кокс авна гэдэг хэцүү. Үүнийг дотооддоо үйлдвэрлэх ёстой.
Бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Батзул