Технологи
Трэнд:

Хүн төрөлхтөн ажлын байраа хиймэл оюун ухаанд алдахаас айж байна

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулга уулзалт Щвейцарийн Давос хотноо “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор 15-19-ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Тавин дөрөв дэх удаагийн чуулга уулзалтыг:

  • “Хиймэл оюун ухаан бол эдийн засаг”
  • “Шинэ эрин үеийн өсөлт ба ажлын байрыг хадгалах нь”
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, байгал орчин, эрчим хүчний салбарын урт хугацааны стратеги”
  • “Хуваагдсан дэлхий ертөнцөд аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах нь” гэсэн дөрвөн үндсэн сэдвийн дор зохион байгуулж, 200 гаруй салбар хуралдаан явагдаж, дэлхийн 120 гаруй улсын төлөөлөгч, шинжээчид, томоохон компаниудын удирдлага, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 2800 гаруй хүн оролцсон юм.

Үндсэн сэдвүүдээс хиймэл оюун ухааны талаарх сэдэв оролцогчдын хамгийн их сонирхсон, анхаарал хандуулсан, түгшээсэн сэдэв болсон. Учир нь хиймэл оюун ухаан хүлээгдэж буй хөгжлөөсөө харьцангуй хурдацтай хөгжиж, хүний бүтээмжийг илүүтэй нэмэгдүүлж чадаж байгаа хэдий ч ойрын жилүүдэд тэднээс ажлын байрыг нь булаах болно гэдгийг олон олон экспертүүд анхааруулж байлаа.

ОУВС-ийн ерөнхийлөгч Кристалина Георгиева, “Хиймэл оюун ухаан дэлхийн нийт ажлын байрны 40 орчим хувьд нөлөөлөхийн зэрэгцээ, тэгш бус байдлыг илүүтэй гааруулах болно” хэмээн илтгэлдээ дурдсан. Мөн чуулганд оролцогчдод уг асуудалд нухацтай хандаж, дэлхий дахиныг хамарсан хурцадмал байдал бий болохоос өмнө урьдчилан сэргийлэх томоохон алхам хийхийг мөн уриаллаа.

Харин хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг тодорхойлогч компаний нэг, ChatGPT чатботыг бүтээгч OpenAI-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтман дэлхий дахин ажлын байрны эрсдэлд орох болоогүй хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ хөгжлийн түвшин зорилтот хязгаарыг давсанаас гадна  хүний бүтээмжийг нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарч байгаа болохоо онцлон тэмдэглэв.

Хиймэл оюун ухааны хурдацтай өөрчлөлт дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд нөлөөлөх магадлалтай болсон нь дэлхийн томоохон компаниудын удирдагч нарын санаа зовоосон зүйлийн нэг болсон болохыг PricewaterhouseCoopers (PwC) аудитын компанийн судалгааны дүнгээс харах боломжтой. Судалгаанд 4,700 гаруй удирдах албан тушаалтан оролцсоны 45% нь хиймэл оюун ухаан ойрын 10 жилд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол компаний ирээдүй бүрхэг болно  хэмээн хариулжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулга уулзалтын үеэр, технологийн салбарын компаниуд хиймэл оюун ухаанаас зөвхөн ашиг олохын төлөө хэт хөнгөн хандаж байна хэмээн шүүмжилсэн. Цааш ярихдаа, хиймэл оюун ухааны улмаас үүссэн эрсдэлийг цаг уурын хямралаас үүдэлтэй эрсдэлүүдтэй холбон ярихдаа, олон улсын хамтын нийгэмлэгт энэ хоёр асуудлыг шийдвэрлэх стратеги байхгүй. Иймээс эрсдэлийг багасгах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болохыг оролцогчдод анхаарууллаа.

Мөн чуулганы үеэр Хиймэл оюун ухааны менежментийн холбоо (AIGA)-ноос хиймэл оюун ухаан нь дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай хэдий ч үүсээд буй дижитал тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эсвэл шинээр бий болгох эрсдэлтэй хэмээн тайландаа дурджээ. Энэ удаагийн чуулга уулзалтад салбарын томоохон тоглогчид болох Microsoft, Google, Intel, Meta, ChatGPT зэрэг АНУ-ын компаний төлөөлөл бүгд Давост ирсэн байлаа.

Чуулганд оролцогчдын зүгээс хураамжийн хэмжээ хэт их өссөн болохыг шүүмжилсэн. Өмнө нь 70 мянган доллар байсан хураамжийг 250 мянгад хүргэсэн нь тэдний зүгээс зохион байгуулагч нар зөвхөн ашиг олох зорилгоор чуулга уулзалтыг зохион байгуулж байна гэх дүгнэлт өгөхөд хүргэсэн юм.

Чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж ДЭЗЧУ-ын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 18-нд зохион байгуулсан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулж жил бүр Улаанбаатар хотноо явагддаг “Монголын эдийн засгийн форум”-д 2024 онд хүрэлцэн ирэхийг урилаа.

Бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Батзул

Холбоотой мэдээнүүд

Back to top button